Үндсэн цэс

Нүүр хуудас | Лекц | Блог гэж юу вэ Лекц | Хичээл | Холбоос | Холбоо барих

Sunday, February 16, 2014

Хүрлийн үе



Хүрэл зэвсгийн үе
-Хүрэл зэвсгийн үе
-Дөрвөлжин булш
-Буган хөшөө
-Хиргисүүр
-Хадны сүг зураг
МЭӨ II мянган жилийн тэртээгээс Евразийн хээр тал нутагт хүрлээр хийсэн эдлэл өргөн тархаж эхэлжээ. Ойролцоогоор МЭӨ II мянган жилийн тэртээ зэсийг цагаан тугалга, хар тугалгатай хольж хайлуулан хүрэл гэдэг шинэ холимог төмөрлөгийг гарган авч үйлдвэрлэлд нэвтрүүлснээр хүрэл зэвсгийн үе эхэлсэн. Хүрэл зэвсэгт шилжсэн үе нь эдийн соёлд гарсан хувьсгал байгаад зогсоогүй аж ахуй, нийгмийн харилцаанд ч үндсэн өөрчлөлт гаргасан юм. Шинэ металл болох хүрэл нь зэсээс хэд хэдэн давуу талтай байлаа.
Юуны түрүүнд зэсийг бодвол хүрэл нь бага хэмийн халуунд хайлдаг. Зэс 1084 хэмд хайлдаг байсан бол, хүрэл 700-900 хэмд хайлдаг. Зэсээр хийсэн багаж зэвсэг хурдан мохож мөлийж элэгддэг бол хүрэл зэвсгүүд харьцангуй удаан элэгддэг байна. Хүрэл зэвсгийн үйлдвэрлэл явуулж байсны дурсгал болох хүдэр авдаг уурхай, хүрэл хайлуулдаг байсан зуух, хүрэл эдлэл цутгадаг хэв манай орны нутгаас нэлээд тоогоор олддог нь Монгол орон нь Төв Ази дахь хүрлийн үеийн төвүүдийн нэг байсныг нотлох баримт болж байгаа юм. Тухайн үед ихэвчлэн хүхэржсэн хүдэрийг гарган авч боловсруулдаг байжээ. Хүдрийн нөөцөөсөө шалтгаалан уурхайн хэлбэр хэмжээ нь харилцан адилгүй байв. Хүдрийг юуны түрүүн алхаар цохиж жижиглэж авдаг байсан бололтой. Хагалагдахгүй хатуу газрынхыг гал түлж халаагаад, усаар хөргөж хагалж авдаг байсан. Гаргаж авсан энэ хүдрээ дараа нь тусгай хавтгай чулууун дээр тавьж, бөөрөнхий хэлбэрийн бахим том алхаар бутлаж, металлийг гаргаж авдаг байв. Дараа нь металлаа тусгай нүхэнд хийж хайлуулдаг байв. Хожим тусгай зориулалтын чулуун шанага, зууханд хайлуулдаг болсон. Нүхэндээ нүүрс, металл хоёроо үелүүлэн хийж шатаана. Шаталтын дүнд хайлсан хүдэр зориуд гаргасан тусгай жижиг нүхээр урсан гарч бэлтгэсэн жижиг нүхэнд орж хайлмагтан тогтсоны дараа гарган авч цэвэрлэн хэвэнд цутган багаж зэвсэг хийдэг байжээ. Цутгах хэвээ шохойн чулуу, элсэн чулуу, шавар, зарим үед металаар ч хийдэг байв. Хэвээ бэлтгэхдээ хийх гэж буй багаж зэвсгийнхээ хэлбэр хэмжээ, хээ чимэглэлийг нарийн ухаж гарган сайтар зүлгэдэг байжээ. Гол төлөв нэг талт хэвээр цутгадаг байсан боловч ур хийц нарийн, овор томтой зүйлийг 2 болон түүнээс дээш талтай хэвээр цутгадаг байв. Ийнхүү металл зэвсэг үйлдвэрлэлд нэвтэрсэн нь тухайн үеийн хүмүүсийн амьдрал төдийгүй нийгмийн хөгжилд гарсан түүхэн үйл явц байлаа. Монгол нутагт хүрлийн үйлдвэрлэл I мянганаас эхэлсэн байна. I үед өргөн дэлгэрч НТӨ I мянганы эх хүртэл үргэлжилжээ. Хүрэл эдлэлд зэс 90%, цагаан тугалга 10% ордог байна. Хүрлийг хайлж цутгаж эдлэл хийдэг байжээ. Дөрвөлжин булшнаас болон түүврээр хүрэл сүх, хүрлээр хийсэн ооль, хутга, зэвүүд, дуулга, амгай, зуузай, шөвөг, хуруувч, амьтны дүрстэй тээг товруу, даруулга зэрэг зүйлс олджээ. Ер нь хүрэл зэвсэг аж ахуй чимэглэлийн зүйлс Монгол оронд ихээхэн тархмал байдаг. Тиймээс ч Монгол орныг дэлхийн хүрлийн үйлдвэрлэлийн нэг томоохон төв гэж үздэг. Хүрлийн үеийн гол дурсгал болох дөрвөлжин булш, буган чулуу нь аймгийн ахлагч, аймгийн холбооны тэргүүн зэрэг хүндтэй удирдагчдад зориулагджээ. Тийм нүсэр байгууламжийг аймаг хотлоороо бүтээхээс биш ганц нэгэн хүн бүтээх боломжгүй. Буган хөшөө нь ноёлогч аймгийн сүлд байсан бололтой. Тэгэхээр хүрлийн эхэн үеэс аймаг өрнөлийн үеэс аймгийн холбооны зохион байгуулалттай болжээ. Дөрвөлжин булш нь Хүннү нарын эртний хэлбэр тэдний өвөгтэй холбогдох дурсгал болохыг эрдэмтэд тогтоожээ. Хятад сурвалжид тэмдэглэсэн Хүннүгийн өвөг аймгийн анхных нь Хүнью болон Гүй нар юм. НТӨ II мянганы үед Гүй нар монгол нутаг дээр мал маллаж тэрэг хэрэглэн нүүдэллэн амьдарч байсан ажээ. Ху нар VII зууны үеэс намгийн хүрэн хүдрээс "Бух дарах" аргаар бага хэмжээний төмөр ялган авч багаж зэвсэг хийж эхэлжээ. Эхэн үедээ төмөр ховор байснаас хүрэл зэвсгийн зарим хэсгийг төмрөөр хийж мөн хүрэл зэвсэгтэй хослуулан хэрэглэж байжээ.Чандманий булш болон бусад газраас түүврээр сумны зэв чинжаал хутга төмөр сүх шөвөг зэрэг төмөр багаж зэвсгүүд олджээ. Төмөр зэвсэг хэрэглэсний үр дүнд НТӨ IV зууны үеэс Хүннү нар хүчирхэгжин Хүннүгийн морин цэргийн довтолгоонд Хятдын умард хэсгийн улсууд өртөж байжээ.Тэд Хүннүгийн довтолгооноос өрсдийгөө хамгаалах зорилгоор бэхлэлт хэрэм барьж тэр нь алдарт ЦАГААН ХЭРЭМ болсон байна. Эртний монгол нутагт хүрэл зэвсгийн үед амьдарч байсан овог аймгуудын оюуны соёлын нэг чухал дурсгал бол хадны сүг зураг буюу хадны бичиг болно. Археологийн судлаачид хад чулуунаа улаан зосоор зурсан зураг бол хүрэл зэвсгийн үеийн дурсгал гэж тогтоожээ. Монгол нутагт хадны улаан зосон зураг өргөн тархсан байдаг. Зосон зураг дундаас Улаанбаатар хотын ойролцоох Богд хан уулын их багa Тэнгэрийн амны хадны сүг зураг эрдэмтдийн анхаарлыг ихээр татаж байна. Их багa Тэнгэрийн ам болон Гачууртын адагт байдаг Бичигтийн амны хадан дахь үхэрт хөллөсөн анжисны зураг нь төмөр зэвсгийн түрүү үе буюу НТӨ VII-III зуунд хамаарахыг эрдэмтэд тодорхойлжээ. Нэлээд олон аймгуудын газар нутгаас нум сумаар ан авлаж байгааг харуулсан хадны сүг зургууд элбэг олддог. Үүнд: хүн, морь, тэмээ, янгир, аргаль, буга, бодон гахай, чоно, үнэг, зээр, шонхор, бүргэд зэргийг харуулсан байдаг. Хүрлийн үед уран дархчуул чулуугаар хэв хийж гоёл чимэглэл байлдааны жад сэлэм цутгаж үйлвэрлэн гаргаж байжээ. Хүрлийг үеийн хадны сүг зургийг улаан зосоор зурсан зургууд, хад хонхойлон сийлж хийсэн зургууд гэж хуваан үзэж болно. Хүрлийн үйлдвэрлэлийн үеийн нэн чухал олдвор бол хүрэл тогоо юм. Үүнийг еранхийд нь 3 хөлт, цөгцөн ёроолт гэж 2 хувааж үздэг. Ийм тогоо Тав ази, Монгол орноос Дунай мөрөн хүртэлх нутгаас олддог. Дунай мөрнөөс олдсон хүрэл тогоо нь Хүн улсын хүрэл тогоо байж болох юм. Цөгцөн ёроолт тогооны жишээ гэвэл: 1988 онд Монголын археологчид Ховд аймгийн Манхан сумын Тахилтын хотгорт малтсан Хүн нарын язгууртны том булшнаас олдсон олдвор. Эртний монгол нутаг дахь бугын дүрст хөшөө нь хүрлийн үеийн гайхамшигт дурсгалын нэг юм. Эртний хүмүүс нь урт гонзгой чулуунд бугын дүрсийг уран дүрслэлээр цохиж сийлэхдээ буганыхаа эвэр хошуу хоншоор хөл сүүл их биеийг бодот байдлаар нь дүрсэлсэн байдаг. Гол төлөв дөрвөлжин булшны баруун урд буланд босглслн байдаг.Монгол орны Буган чулуун хөшөөний олонхи нь Архангай, Булган, Хөвсгөл, Баянхонгор, Завхан аймгуудын нутагт элбэг тохиолддог. Монгол улсын нутгаас бугын дүрст сийлсэн чулуун хөшөө 550 гаруй олджээ. Энэ хөшөө нь баатар дайчин эрэгтэйчүүдэд зориулсан дурсгал бөгөөд түүнийг өвч бүрэн зэвсэгтэй нь дүрсэлсэн байдаг. Зарим хөшөөний дээд хэсэгт нар сар байдаг. Ер нь нар сар гал 3н дүрс нь нүүдэлчдээс суурвшимал Нанхиад зэрэгт дэлгэрсэн гэж түүх сударт байдаг бөгөөд Төв азийн унаган гаралтай дүрслэл зүйл юм. Хорвоо ертөнцийн гэрэл гэгээ сайн сайхан амьдрал дэлхийн ертөнцийн нар сар од гараг марал бугыг угалзалсан олон салаат эврээ урт сайхан зоо нуруундаа сунган тавьсан тэнгэр өөд дүүлэн нисэж байгаа бугын дүрст хөшөө бол хүрлийн үеийн хүмүүсийн амьдрал оюуны үнэт соёлын нандин дурсгал гарцаагүй мөн болох нь батлагда байна. Энэ нь монгол нутгийн төв баруун хойт зүүн өмнөд хэсэгт өргөн тархсан байдаг.
Дөрвөлжин булш: Дөрвөлжин булш нь Монголын хүрэл зэвсгийн үеийн археологийн томоохон дурсгалын нэг юм. Дөрвөлжин булш жижиг толгодын орой шил, даваа хөтөл дээр ганц нэг, хоёр гурваараа тохиолдохоос гадна тэднийг гол төлөв уулын энгэр, бэл, аманд мөн тэгш талын дунд нэг дор арваас хэдэн арав хүртэл тоотой хэсэг бүлгээр нь барьж байгуулсан байдаг. Дөрвөлжин булш дорнод Монголын талаас Алтайн уулс, Байгал нуураас Говь хүртэл өргөн тархсан археологийн томоохон дурсгал юм. Энэхүү булшийг үлдээгсэдийг бүхэл бүтэн нэгдмэл соёлд хамруулан авч үзсэн нь ч байдаг. Монгол орны нутаг дэвсгэр дээр ихээхэн элбэг байх нутгийн өвөрмөц шинж бүхий энэхүү булш судлаачдын анхаарлыг эртнээс татаж ирсэн төдийгүй, малтан шинжлэх, судлах ажил өнгөрсөн зууны сүүлийн хагасаас эхэлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл үргэлжилсээр байна. Дөрвөлжин булшийг гаднах зохион байгуулалтын хувьд үндсэн 4 хэлбэрт хуваан авч үздэг:
1. Дөрвөн буландаа өндлөр чулуутай, дөрвөн өнцөг хүрээтэй булш;
2. Дөрвөн талын хүрээ нь намхавтар хавтгай чулуун дараас бүхий булш;
3. Онцгой өндөр ханатай булш;
4. Дөрвөн тал нь дотогшоо хотгар ханатай булш; Дөрвөлжин булшийг оршуулгын зан үйл, ёслолын зориулалтаар нь
а/ оршуулагын байгууламж,
б/ тахилгын байгууламж гэж ерөнхийд нь хоёр ангилан авч үздэг. Дөрвөлжин булшийг тусгай хэмжээтэй, тогтож заншсан хэлбэрээр тодорхой дэс дараатай нарийн зохион байгуулалттай үйлддэг байжээ. Дөрвөлжин булшны зохион байгуулалтыг авч үзвэл, хайрцаглан хийсэн нимгэн хавтгай чулуун авсанд хүнээ оршуулж, том зузаан хавтгай чуулуунуудаар дарж таглан шороогоор булаад дээр нь хавтгай чулууг босгон эгнүүлэн дөрвөлжлөн зоож, дотор гадна хаяаг нь арай багавтар чулуугаар дарж бэхэлсэн байдаг. Хүнийхээ толгойг ихэвчлэн нар мандах зүг буюу зүүн зүг харуулан цэх байдалтайгаар дээш харуулан 50-150 см-ийн гүнд оршуулж, зарим цахиур чулуун зэвсгийн зүйл, хүрэл хутга, сумны зэв, хүрэл товч, товруу, морь малын дүрстэй хүрэл чимэг, хагас товгор хүрэл чимгүүд, модоор сийлсэн шувууны толгой, үсний алтан сүлбээр, шавар ваар, зэс, хүрэл хайлуулдаг чулуун шанага зэрэг олон төрлийн эд өлгийн зүйлс, малын толгой, чөмөг, дал болон бусад зүйлийг дагалдуулан тавьсан байдаг. Гол төлөв хүнийхээ толгой дор дэр болгон хавтгай чулуу тавьдаг байжээ. Дөрвөлжин булшны гаднах ерөнхий хэмжээ дундажаар 1,5 х 2,5 м-ээс 2,5 х 4,5 м байдаг. Харин Монгол орны төвийн бүс нутагт энэхүү дундажаас харьцангуй том булш ч тааралддаг байна. Хүрэл зэвсгийн үеийн дөрвөлжин булшнаас илрэн олдож буй эд өлгийн зүйлсийг ерөнхийд нь зэр зэвсэг, байлдааны хэрэглэл, аж ахуй, хөдөлмөрийн багаж хэрэглэл, гоёл чимэглэлийн зүйлс хэмээн төрөлжүүлэн хуваан авч үздэг. Дөрвөлжин булш нь Монгол улсын нутаг болон Өвөр Байгалийн нутагт голчлон тархсан дурсгал бөгөөд Манжуур, Өвөрмонгол, Шинжааны нутагт бас тодорхой хэмжээгээр мэдэгдэж байна. Дөрвөлжин булшийг малтан шинжлэх ажлыг манай улсын нутагт Төв аймгийн Хэрлэн Туул голын сав газар, Өвөрхангай аймгийн Орхоны хөндий, Богд сумын Тэвш уул, Дундговь аймгийн өмнөт хэсэг, Хэнтий аймгийн Хэрлэн, Онон, Хурх голын сав, Булган аймгийн Эгийн голын сав, Дорнот Монголын тэгш тал болох Сүхбаатар аймгийн Мөнххаан, Эрдэнэцагаан сумдын нутаг, Дорнот аймгийн Баяндун, Цагаан овоо, Сэрэглэн, Гурван загал, Баян-Уул, Дашбалбар сумдын нутагт явуулж, одоогийн байдлаар ойролцоогоор 500 гаруй дөрвөлжин булшийг малтан судалжээ. Эдгээрээс зөвхөн 3 булшнаас гарсан зарим олдворт радиокарбоны арга хэрэглэн холбогдох он цагийг нь тогтоосон байна. 1970 онд Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын Залаа гэдэг газарт малтсан I дөрвөлжин булшнаас гарсан модны нүүрсний үлдэгдэлд хийсэн радиокарбоны шинжилгээгээр 2610+/-50 жилийн өмнө буюу МЭӨ III зууны үед, 1993 онд Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын нутаг Устын амны I дөрвөлжин булш 2300+/-70 жилийн өмнө буюу МЭӨ III-II зуунд, Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутаг Эгийн голын дөрвөлжин булш МЭӨ 845-805 оны үед тус тус холбогдож байна. Сүүлийн жилүүдэд явуулсан археологийн малтлагаас гарсан, хүрэл зэвсгийн үеийн зэр зэвсэг, байлдааны хэрэгсэлийн талаар цоо шинэ мэдээлэл өгсөн олдворууд бол Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутаг Эгийн голын 2 дөрвөлжин булшийг малтахад олдсон хоёр хүрэл дуулга юм.Нэгдэх дуулга нь 22 см өндөртэй, 22 см урт, 16 см өргөнтэй сэнж бүхий ажээ.Хоёр шанаавчны доод ирмэг нь бүч сүвлэж болохуйц нүхтэй, дуулганы ирмэг захыг товойлгон эмжэн хүрээлсэн. 1 кг орчим жинтэй юм. Хоёрдах дуулга нь яльгүй том хэмжээтэй хийцийн хувьд онц ялгагдах зүйлгүй байна. Монгол орноос ихээхэн хэмжээгээр олддог зэр зэвсгийн төрлийн нэг сумны хүрэл зэв дөрвөлжин булшны малтлагаас цөөвтөр тоотой олдсон ба харин түүврээр олон тоотой олджээ. Зэвийг хоёр ба гурван хянгат, хавтгай онгит, шилбэт гэх мэтээр хэлбэр төрхөөр нь ангилан үздэг. Хүрэл зэвүүд нь олон төрөл байдаг бөгөөд хол, ойрын, хөнгөн, хүнд, шархдуулах зэрэг ялгаатай байжээ. Мөн түүнчлэн хүрэл зэвсгийн төгсгөл үед хүрэл толгойтой төмөр шилбэтэй зэвийг хийх болсон байна. Үүнээс гадна мөн ясааар хийсэн зэвүүд дөрвөлжин булшнаас олддог байна. Дээр дурдсан дайн байлдааны зориулалттай зэр зэвсгийн олдворууд нь зэр зэвсгийн төрөл зүйл зэргийг илтгэн хааруулаад зогсохгүй хүрэл зэвсгийн үеийн оршин суугчдын оюуны соёл, металл боловсруулалтын түвшин, арга ажиллагааны хөгжилтийг харуулах баримт юм. Монгол орны хүрлийн үеийн гоёл чимэглэлийн зүйлсийн олдвор дотроос хамгийн сонин содон олдвор бол Өвөрхангай аймгийн Богд сумын Тэвш ууланд малтсан дөрвөн хажуу хана нь дотогшоо хүнхэр дөрвөлжин булшнаас гарсан аргалийн толгойн хэлбэртэй хоёр алтан сүлбээр юм. Энэхүү хоёр сүлбээр ур хийцийн хувьд тун ойролцоо боловч нэгэнд нь 6, нөгөөд нь 8 шигтгээний нуух байна. Аргалийн толгой хүзүүг нилээд загварчлан дээш өлийлгөж хоншоорыг монхор нарийнхан, нүдийг том дугуй, эврийг данхар махир гаргасан ба түүний ар шилнээс сүлбээрийн их биеийг залгуулан ихэд нарийн уялдаатай урлажээ. Сүлбээрийн их биеийн дээд хэсгийг хэдрэгний ир мэт биржгэрээр хоёр хажууг шаталсан биржгэрээр, тус тус чимсэний гадна аргалийн нүд чих сүлбээрийн нууханд ногоон оюу шигтгээ суулгаж гоёл чимэглэлийн өнгө хорших аргыг хэрэглэсэн байна. Энэ нь алт, мөнгөнд үнэт чулуун шигтгээ суулган өнгө хорших арга Монгол нутагт хүрэл зэвсгийн үед үүсч улмаар Хүннү улсын үед ихэд дэлгэрэн чимэглэх урлагийн нэгэн бие даасан нарийн арга болтлоо хөгжснийг харуулах бодит баримт юм. Дөрвөлжин булшнаас олон тоотойгоор олдсон эдлэл бол янз бүрийн хэлбэр хэмжээ дүрслэлтэй хүрэл товруунууд юм. Хувцасны болон бүсний чимэг болох хүрэл товруунууд нь хийгдсэн байдлаараа чимэглэлтэй, чимэглэлгүй хэмээн хоёр хуваагддаг. Чимэглэлтэй товруунуудад голчлон ан амьтан, буга, баавгай, морь, чоно, шувуу зэргийг дүрсэлсэн байхаас гадна төрөл бүрийн хээ угалзыг чимэг болгон дүрсэлж байжээ. Хүрэл товруунуудын хэмжээ дунджаар 5-50 мм байдаг. Араатан амьтдыг бодит байдлаар болон загварчилан дүрслэх үндсэн хоёр аргаар дүрсэлсэн байдаг. Дүрслэлийн хоёрдахь аргыг нь амьтныг загварчилан дүрслэх арга хэмээн нэрлэдэг. Евразийн хээр талын бүс нутагт хүрэл ба төмөр зэвсгийн түрүү үеийн дүрслэх урлагт амьтныг загварчилан дүрслэх арга өргөн тархжээ. Энэ аргын онцлог нь хэд хэдэн зүйлийн амьтдыг бүтнээр нь буюу тэдгээрийн биеийн зарим хэсгийг тогтсон нэг барилаар гол шинжийг тодруулан гаргаж бодит ба загварчлалын аль алиныг хослуулан хэрэглэж амьтдын дүрийг бүтээдэгт оршино. Дөрвөлжин булштай төстэй боловч хүний оршуулгагүй, тахилга ёслолын байгууламж тааралддаг. Тахилгын энэхүү байгууламж нь олон тоогоороо байгаа дөрвөлжин булшны ойролцоо голчлон байдаг байна. Энэхүү байгууламжид адуу малыг хойлоглон тавьсны зэрэгцээ зарим эд өлгийн зүйлс тухайлбал ваар сав суулга зэргийг тавьдаг байжээ. Хойлго үйлдсэн малын толгойн тавьсан чиг нь дөрвөлжин булшинд нас барагчтай хамт тавьсан малын толгойн чигтэй адил байдаг байна. Тахилгын ийм байгууламжийг Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутаг Элст хөтөл, Бөгсийн гол; Өвөрхангай аймгийн Хужирт сумын Майхан толгой; Төв аймгийн Алтанбулаг сумын Жаргалантын гол зэрэг газруудад малтан шинжилсэн байна.

  • МЭӨXII-IV зуунд хамаарна.
  • Дөрвөлжин булшны тархалтын хүрээ нь Алтай, Соёны уусаас Их, Бага Хянганы нуруу, Байгаль нуураас их говь хүртэл хамарна.
  • Дөрвөлжин булшинд талийгаачийг зүүн тийш нь хандуулан, дээш харуулан, нуруу тэнэгэр, хөл шулуун байдлаар хэвтүүлж, гарыг нь бие дагуулан тавьж оршуулах бөгөөд түүний эдэлж хэрэглэж байсан эд зүйлсийг дагалдуулахаас гадна оршуулгын ёслол үйлддэг байжээ.
  • Оршуулах ёслолын зан үйлийг газар сонгох, зүг эрхэмлэх, эд өлөг дагалдуулах, хойллого үйлдэх ёс голлон бүрдүүлдэг байв.
Хүрэл зэвсгийн үеийн дөрвөлжин булшнаас илрэн олдож буй эд өлгийн зүйлсийг ерөнхийд нь :
Зэр зэвсэг байлдааны хэрэгсэл
Аж ахуй хөдөлмөрийн багж хэрэгсэл
Гоёл чимэглэлийн зүйлс
Ваар, сав суулганы төрөл гэж ангилна.
Дөрвөлжин булшийг хэлбэрээр нь :
Дөрвөн буландаа өндөр шонтой, дөрвөн өнцөгт хүрээтэй
Дөрвөн талын хүрээ нь намхавтар, хавтгай чулуун дараас бүхий
Дөрвөн тал хүрээ чулуутай боловч хойд, урд хашлага нь дотогшоо хонхойсон булш хэмээн ангилан ялгасан байна.
Дөрвөлжин булшийг гүйцэтгэсэн зан үйл, ёслолын зориулалтаар нь:
Оршуулах ёслолын байгууламж
Тахилга ёслолын байгууламж
1. Оршуулах ёслолын байгууламж
Оршуулгын байгууламжийн хийц хэлбэр, зохион байгуулалт нь тодорхой ёс заншил утга агуулгыг илэрхийлж байдаг.
Дөрвөлжин булш нь орон нутгийн онцлогийг хадгалж байдаг.
Дөрвөлжин булшинд оршуулсан хүнээ хамгаалах, хүндэтгэх үүднээс оршуулгын нүхийг нимгэн хавтгай чулуугаар доторлон хайрцаг хийж, түүн дээрээ гурваас дөрвөн том зузаан хавтгай чулууг эгнүүлэн таглан дарж, багавтар чулуугаар чигжиж булаад түүнийгээ тойруулан тэгш өнцөгт дөрвөлжин хүрээг 15*25см зузаан хавтгай чулуугаар тойруулан хавиргалан босгож дотно гадна талаас нь хашлага чулуунуудын хэмжээнээс арай багавтар чулуунуудаар хаяаг дарж бэхэлдэг. Харин дөрвөлжин булшны дотоод бүтэц зохион байгуулалтыг оршуулгын нүхэндээ:
Чулуун хайрцагтай
Чулуун хайрцаггүй
2. Тахилга ёслолын байгууламж
Тахилгын байгууламжийг үйлдсэн байдлаар нь:
Чулуун дараас дор хойлго үйлдсэн хэлбэрийн тахилгын байгууламж
Чулуун байгууламж дороо хойлго үйлдсэн шинж тэмдэг мэдэгдэхгүй
Монгол оронд хүрэл зэвсгийн үеийн дөрвөлжин булшийг одоогийн судалгааны мэдээллээр 510 орчмыг малтан шинжилсэн байна.
Хүрэл зэвсэг:
Зэр зэвсгийн зүйл
Гоёл чимэглэлийн зүйл
Ваар савны төрөл
Зэр зэвсгийн зүйл
Монгол орны төв болон дорнод хэсгээс шинээр олдсон хүрэл зэвсгийн үеийн эртний хүмүүсийн хэрэглэж байсан хүрэл дуулга, хүрэл хийгээд ясан зэв, зэр зэвсэг агссан хоёр хүний дүрс бүхий хүрэл толь зэрэг олджээ.
Хүрэл дуулга:
Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн нутгаас 2 хүрэл дуулга олдсон нь хүрэл зэвсгийн үеийн дурсгал юм.
 Нэг дэх нь энэ нутгийн Эмгэнт хошууны дөрвөлжин булшнаас олдсон.Хүндийн жин 1000грамм. Нөгөө нь нутгийн холтост нугын дөрвөлжин булшнаас олдсон. 1850грамм.
Сумны зэв:
Сумны зэвийг хүрэл төмрийн үед яс хүрэл төмрөөр зонхилон хийдэг байжээ.
Дөрвөлжин булшнаас сумны зэв нь түгээмэл олддог.
Хүрэл зэв: хүрэл зэв нь хавтгай шилбэтэй, гурван хянгартай буюу навчин хянгартай, навчин хэлбэртэй. 2-3 хянгартай онгин шилбэтэй гэх мэт олон хэлбэртэй.
Ясан зэв: хавтгай шилбэтэй, мөсөн завсар хавчуулж тогтоох боломжтой.
Гоёл чимэглэл
Хэнтий аймгийн нутаг Асгат: дөрвөлжин булшнаас хүрэл морь, олон үет тал бөмбөгөр бүсний чимэглэл
Булган аймгийн Эгийн голын нутаг:хүрэл ороомог хэлбэрийн цагирган ээмэг, хүрэл товруу, оюу зүүлт, ясан зүүлт
Дархан-Уул аймгийн Буурал уулын булш:халбаган зүүлт
Ваар сав суулганы төрөл
Монгол орон болон хил залгаа орших орнуудад хүрэл зэвсгийн үеийн түүхэнд холбогдох дөрвөлвөлжин булшийг нийтдээ 535 удаа малтсан.
Эдгээрийн 126 дөрвөлжин булшинд их бага хэмжээний ваар сав эдлэлийн хагархай олдсон боловч бүтэн ваар сав олдоогүй байна.
Хээн чимэглэл бүхий ваар сав
Хээгүй гөлгөр гадаргуутай
Ваар савны хагархай эдлэлийн дээрхи хээн хэлбэрийг үзээд ерөнхийд нь :
Цэцгэн хээ чимэглэлтэй
Босоо болон хөндлөн ташуу зураасан хээ чимэглэлтэй
Сараалжин буюу жижиг дөрвөлжин нүхэн хээ чимэглэлтэй гэж ангилна.
Хиргисүүр: Хиргисүүр нь хүрэл ба төмөр зэвсгийн түрүү үеийн өвөрмөц дурсгал юм. Манай орны нутаг дэвсгэрт хиргисүүр маш өргөн хэмжээгээр тархсан байдаг бөгөөд харин бусад булшуудыг бодвол харьцангуй бага малтан судлагдсан ажээ. Энэ нь хэд хэдэн учир шалтгаантай юм. Нэгдүгээрт, хиргисүүрийг цогцлон бүтээхдээ маш их хүч хөдөлмөр зарж, асар олон чулууг овоолон, том дугуй чулуун дараас үүсгэн байгуулсан байдаг учир малтан судлахад их хүч хөдөлмөр, цаг хугацаа шаардагддаг. Хоёрдугаарт хиргисүүрийн ихэнх нь тахилга тайлгын зориулалттай учир шинжилгээний хэрэглэгдэхүүн болохуйц эд өлгийн зүйлс маш ховор гардаг. Эдгээр учир шалтгааны улмаас хиргисүүрийг тэр бүр нарийвчлан судлалгүй явсаар ирсэн байна. Хиргисүүрийг үйлдэгчид нь хүрэл ба төмөр зэвсгийн түрүү үеийн нүүдэлчид байсан гэдэг нь түүний дөрвөлжин булш, буган хөшөөтэй нэг дор нэгэн цогцолбор болон оршин байдгаас илэрхий. Манай орны нутаг дэвсгэр дээр байгаа хиргисүүрүүд нь гаднах хэлбэр төрх зохион байгуулалтын хувьд янз бүр байдаг. Судлаачид Монгол орны Төв болон Баруун бүс нутаг даруй гуч орчим төрлийн хиргисүүр байгааг тэмдэглэсэн байна. Гэхдээ энэ бүгдэд зохион байгуулалтын нэгдмэл арга ажиглагддаг. Энэ нь юуны түрүүнд бүх хиргисүүрүүд том хэмжээний дугуй овгор чулуун дараастай байдагт оршино. Уг дараасаа тойруулан чулуу эгнүүлэн зоож дугуй, дөрвөлжин хүрээ татсан байдаг бөгөөд энэ хүрээний дотор болон гадна талаар чулуу овоолон шигтгэсэн олон тооны дөрвөлжин, дугуй жижиг байгууламжуудыг байгуулсан байдаг. Зарим хиргисүүрүүдийн хүрээ нь давхар байх ч тохиолдол байдаг. Мөн зарим хиргисүүрүүдийн голын овгор дараасаас эхлэн хүрээ хүртэл дөрвөн зүгт нь чулуу шигтгэн суулган зам буюу цацраг гаргасан тохиолдол ч байна. Хиргисүүрүүд хэмжээний хувьд харилцан адилгүй байдаг бөгөөд зарим газарт 100 гаруй м голдоч бүхий хиргисүүрүүд ч таараллдаг. Одоогийн байдлаар манай орны нутаг дэвсгэрт цөөн тооны хиргисүүрийг малтан судлаад байна. Тухайлбал 1988 онд МЗТСХЭ-ийн хүрэл ба төмөр зэвсгийн түрүү үеийн дурсгал судлах анги Завхан аймгийн Тосонцэнгэл сумын ойролцоо 5 хиргисүүрийг малтан судалжээ. Эдгээрийн хоёр нь гадуураа дөрвөлжин хүрээтэй, уг хүрээний дөрвөн буланд чулуун жижиг дараастай, үлдсэн гурав нь гадуураа хүрээгүй байсан байна. Гурван булшнаас оршуулгын шинж тэмдэг илэрсэн бөгөөд нөгөө хоёр нь тахилга тайлгын байгууламж байсан байна. Монгол-Францын хамтарсан экспедиц 1997 онд Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутаг Эгийн голын савд 3 хиргисүүр, Монгол-Америкийн хамтарсан археологийн экспедиц 1999 онд Увс аймгийн Бөхмөрөн сумын Байрамын шилд нэгэн том хиргисүүрийг малтан шинжилсэн нь мөн нь л тахилга тайлгын байгууламж байжээ. Байрамын шилийн хиргисүүр 3 м өндөр, 22 м голдоч бүхий чулуун дараастай, дарааснаас дөрвөн зүгт дөрвөн өргөн зам татаж 60 м голдоч бүхий гаднах дугуй цагираган хүрээтэй холбосон байна. Хүрээ ба замын өргөн нь 3 м болно. 2001 онд Монгол-Бельгийн хамтарсан археологийн экспедици булган аймгийн Дашинчилэн сумын нутаг Харбухын голны баруун эрэгт нэгэн хиргисүүрийг малтан шинжилсэн байна. Энэ хиргисүүр нь гадна талаараа 25х27 м хэмжээтэй дөрвөлжин хүрээтэй.9 м голдоч бүхий овоолсон чулуун дараастай байсан бөгөөд гадна хүрээний зүүн талд хоёр эгнээ 8 чулуун дагуул байгууламжтай. Зүүн талд мөн 5 дагуул байгууламжтай байжээ. Зүүн талын дагуул байгууламжуудыг малтан үзэхэд 30-50 см-ийн гүнд нэг нэг адууны толгойг хиргисүүр лүү харуулан тавьсан байна. Хиргисүүрийг малтах явцад дараас чулууны дороос газар ухалгүй өнгөн хөрсөн дээр тавьж дээрээс нь чулуугаар дарсан хүний оршуулга илэрчээ. Хүнээ толгойг нь баруун тийш хандуулан тэнэгэр байдалтай дээш харуулан хэвтүүлж оршуулсан байна. Хүнээ дагалдуулан тавьсан ямар нэгэн эд өлгийн зүйлс олдоогүй боловч дараас чулууг цэвэрлэх явцад чулууны завсар хоорондоос гайхалтай сайн хадгалагдсан хүрэл ооль олдсон ажээ. Судлаачид хиргисүүрийг МЭӨ II мянган жилийн төгсгөл МЭӨ I мянган жилийн эхэн үед холбогдуулан авч үздэг бөгөөд бүтэц зохион байгуулалтыг нь авч үзвэл, нас барагсадаа гол төлөв баруун болон баруун хойд зүг рүү чиглүүлэн тавьдаг байсан нь тодорхой байна. Мөн ихэнх тохиолдолд булшны нүх ухалгүй газрын хөрсөн дээр хүнээ тавин чулуугаар дарж оршуулдаг байсан нь тогтоогдсон.
  • МЭӨII мянганы сүүлч I мянганы эхэнд холбогдоно.
  • Энэүү дурсгал нь Монгол улсын хийгээд Алтайн бүс нутаг, Шинжааны хязгаар, Байгаль нуурын хавь нутант элбэг тохиолдоно.
  •  Хиригсүүр нь оршуулгын байгуулажийн болон тахилгын гэсэн хоёр төрөлтэй байна.
  • Хиргисүүрийн оршуулгын байгууламжид хүнээ баруун тийш хандуулан газрын хөрсөн дээр тавьж , чулуугаар овоолон дароуулсан байх бөгөөд эд өлгийн зүйл төдийлөн элбэг олддоггүй.
  • Монголд нийтдээ 30 гаруй төрлийн хиргисүүр байдаг.
Хиргисүүр нь хэмжээний хувьд то жижиг янз бүр байх бөгөөд хиргисүүрийн хүрээний гадна зүүн болон зүүн өмнө талд зарим тохиодолд хиргисүүрийг тойроод 1-1,5-ийн байрлалтай дугуй голчтой дагуул жижиг булшнууд байдаг
Буган хөшөө: Буган хөшөө бол Монгол болон Төв Азийн нутаг дэвсгэр дээр хүрэл ба төмөр зэвсгийн түрүү үед оршин сууж байсан овог аймгийн түүх соёлын гайхамшигтай дурсгалын нэг билээ. Гонзгой урт чулууг засч, гурав зааглан, оройн хэсэгт нар сар, доогуур нь олон эгнээ хонхор, эх биеийг ороолгон төв хэсэгт сүрэг бугыг загварчилсан байдалтайгаар ихэд сүрлэг сийлж, бас доогуур нь бүс татан зэр зэвсгийг зүүсэн байдалтай дүрсэлсэн хөшөө чулууг буган хөшөө хэмээн нэрлэдэг. Хөшөөнөө дайчин эрийн зэвсэг болох чинжал хутга, билүү, байлдааны алх, нум, хоромсого, жад, бамбай, толь дүрслэхээс гадна хөшөөний бүсийг олон төрлийн хээгээр чимсэн байдаг ба мөн бугын дүрсний оронд буюу завсар зайд адуу ирвэс, янгир, зээр зэрэг амьтад хааяа дүрсэлсэн байдаг. Ази, Европ тивийн хээр талын бүс нутагт хүрэл ба төмөр зэвсгийн түрүү үед өргөн тархсан түүх соёлын гайхамшигт дурсгал болох буган хөшөөг эрдэмтэд 100 орчим жилийн тэртээгээс судлаж энэ завсар 700 орчим буган чулуун хөшөөг олж илрүүлжээ. Эдгээрээс хамгийн их буюу 550 орчим нь Монгол улсын нутгаас олджээ. Буган хөшөө голдуу 1-4 м м гаруй өндөр, 20-50 см зузаан, 30-80 см өргөн хэмжээтэй бөгөөд түүнийг үйлдэхдээ цоолбор, сийлбэр, уран баримлын аргуудыг хэрэглэсэн гэж хэлж болно. Бугаан хөшөөг хэд хэдээр нэг дор босгож, тэднийг тойруулан хэдэн арваас хэдэн зуу хүртэлх тахилгын жижиг чулуун өрлөг байгууламж, том дугуй далантай хиригсүүр, булш, дөрвөлжин булш зэргийг байгуулж, бүхэл бүтэн цогцолбор дурсгалыг бүрдүүлсэн байх нь олонтоо. Мөн буган хөшөөг, булш үйлдэхэд ашигласан зэргээс үзэхэд оршуулгын зан үйл, өвөг дээдсийг шүтэх шүтлэгтэй холбоотой нь маргаангүй харагдаж байна. Буган хөшөөг хэлбэр төрхийн хувьд үндсэн гурван төрөлд хуваан авч үздэг. Үүнд: Нэгдүгээрт: Монгол-Өвөрбайгалын бугын загварчилсан дүрст бүхий буган хөшөө Хоёрдугаарт: Саян-Алтайн амьтны “бодит” дүрст буган хөшөө Гуравдугаарт: Ази-Европын амьтны дүрсгүй буган хөшөө хэмээн ангилдаг байна. Эхний төрөлд хамаарах буган хөшөө тооны хувьд хамгийн олон байдаг бөгөөд манай орны Архангай, Өвөрхангай, Завхан, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Төв, Сэлэнгэ, Хөвсгөл, Хэнтий, Ховд, Увс, Баян-Өлгий аймгийн нутагт олдоод байгаа боловч гол шигүү тархсан төв нь Хангай, Хэнтийн уулсын орчны нутаг юм. Архангай аймгийн Эрдэнэмандал сумын нутаг Хануй багийн (хуучин сум) төвөөс зүүн тийш Хануйн голын хойт дэнжид олон жижиг, 2-3 м голточтой дугуй далангаас бүтсэн том дөрвөлжин дугуй хэлбэрийн тахилын байгууламжууд хиригсүүр, том дөрвөлжин хашлага болон бусад байгууламж арван буган хөшөө бүхий ёслол оршуулгын цогцолбор дурсгал байдаг. Энд буй бүх хөшөөнөө бугыг загварчилан дүрсэлсэн бөгөөд нар, сар, зэр зэвсэг, гоёл чимэглэлийг сийлжээ. Эдгээр хөшөөнөөс жишээ болгон нэгийг авч үзвэл, хөшөөг 2,5 м өндөр, 0,48 м өргөн, 0,2 м зузаан саарал өнгийн боржин чулуугаар үйлджээ. Хөшөөний орой ташуу бөгөөд хөшөөг дээгүүр нь нэг эгнээ олон хонхор гаргаж, доогуур нь өргөн бүс сийлж гурав хуваажээ. Хөшөөний өргөн нүүрэн талын дээд оройн хэсэгт том жижиг хоёр онги (нар, сар), дунд хэсэгт арван бугын дүрсийг загварчилан урласны дотор гурван бугын цээжин хэсэг, нэг эх бие бусад нь бүтэн буга байна. Бугануудын дүрсний дунд хир нэг дугираг дүрсийг (толийг) бүх талбайгаар нь хонхойлон цоолборложээ. Бугануудыг хоншоороор нь хөшөөний зүүн дээд тал руу жишүүдүү хандуулж дүрсэлсэн ба харин хамгийн зүүн доод өнцгийн зайд дүрсэлсэн жижиг бугыг хөшөөний хажуу ирмэг рүү хоншоороор нь хандуулан эврийг эгц дээш босгон салаалуулж дүрсэлжээ. Эдгээр буганы доогуур 6 см өргөн бүс татаж нэгэн жижиг зууван эдлэлийг зүүж дүрсэлжээ. Бүснээс доош нэг бүтэн буга, хоёр дахь бугын цээжин бие, гуравдахь бугын эврийн хэсгийг дүрсэлжээ. Хөшөөний баруун хажуугийн дээд оройн хэсэгт дүрс урлаагүй ба харин дунд хэсэгт долоон бугын дүрсийг урласнаас хоншоорыг зүүн дээш жишүүдүү хандуулан дүрсэлсэн дөрвөн бүтэн буга, нэг бугын цээжин хэсэг, нэг бугын эх бие, өөр нэг бугын бөгсөн бие (нүүрэн талд буй бугын) байна тэдгээрийн доогуур өргөн бүс татаж бөгтөр мөртэй хүрэл хутга, билүү зүүж дүрсэлжээ. Хөшөөний өргөн ар талын дээд оройн хэсэгт том жижиг хоёр онги (нар, сар) дүрслээд дооогуур нь нэг эгнээ олон хонхор гаргаж зааглан дунд хэсэгт есөн бугыг дүрсэлсний дотор хөшөөний орой руу хоншоороор нь жишүүдүү хандуулсан зургаан бугыг хос хосоор нь зэрэгцүүлж, хоёр бугын цээжин хэсэг нэг бугын эх биеийг дүрсэлжээ. Бугануудын зайд нум сум дүрсэлжээ. Тэдний доогуур өргөн бүс татаж, байлдааны алхан зээтүү, чинжаал, хоромсог зэргийг зүүж дүрсэлжээ. Хөшөөний баруун хажуугийн нарийн талын дээд орой ба доод хэсэгт дүрсгүй ба дунд хэсэгт таван бугыг хоншоороор нь хөшөөний оройруу жишүүдүү хандуулан дүрсэлжээ. Бугануудын доор бүснээс дээш таван талтай зууван хэлбэрийн бамбай дүрсэлсэн байна. Энэ бүхнээс үзэхэд тухайн хөшөөний эх биеийн зайг бүхэлд нь бугын дүрсээр (22 буга) битүү бүрхэхийг эрмэлзэхдээ зөвхөн бүтэн бугын дүрсийг хөшөөний нэг талд, заримдаа хоёр талыг дамнуулан, жижиг цулгуй зайд бугын цээжин хэсэг, эврийг, эсхүл жижиг бугыг багтааж дүрсэлжээ. Хөшөөнөө бугыг заавал хажуугаас харж ихэд гоёмсогоор урт хүзүүтэй, шовх өндөр сэрвээтэй, дугуйдуу бөмбөгөр хондлойтой, богинохон сүүлтэй, урт нарийхан хөлтэй дүрсэлдэг байжээ. Түүнчилэн бугын хоншоорыг шувууны хошуутай адил урт нарийн, эврийг хээ угалз мэт олон салаалуулан ар тийш нурууг дагуулан ихэд налуулж, зөвхөн хоёр салааг урагш гарган үзүүрийг өөд нь ээтийлгэн дүрсэлсэн байдаг. Бугын нүдийг томоор урлаж, эвэр хүзүү хоёрын хооронд нарийхан урт чихний дүрс цохиж гаргадаг бөгөөд хоёр хөлийг нугалан дүүлж харайж буй мэт хөдөлгөөн оруулж дүрсэлдэг. Хөшөөний их биеийг ороолгон сүрэг бугын эврийг ар тийш налуулж, хошууг өөд нь өлийлгөн бүгдийг харайж дүүлж буй мэт загварчлан дүрсэлснээс тэднийг хөнгөн хөдөлгөөнтэй ихэд тэмүүлэл бүхий дүртэй болгодог ажээ. Буган хөшөөний нэг талд бугын оронд адууг дүрсэлсэн хөшөө Архангай аймгийн нутаг Алтан сандлаас олдсон. Буган чулуун хөшөөний бүснээс зүүж хутга, билүү, чинжал хутга, жад, нум, сум, саадаг, байлдааны зээтүү, сүх, бамбай зэрэг зэр зэвсгийн зүйлсийг дүрслэх бөгөөд тэдний заримыг гоёж чимэн дээр нь хээ зураас, дугуй, дөрвөлжин, хонхортой цохиж гаргасан байдгийг нарийвчлан үзэх нь чухал юм. Жишээ нь, Архангай аймгийн Их Тамир сумын нутаг Баянцагааны голын хөндийгөөс олдсон нэгэн буган чулуун хөшөөнөө байлдааны зээтүү мэт зэвсэг дүрслэн, түүнийхээ дээр 7 ба 31 дөрвөлжин хонхор цохиж гаргасан монгол нутагт эрт цагаас хэрэглэгдэж ирсэн цагалбарын нэгэн хэлбэр байж болох талтай юм. Хоёрдахь төрлийн буган хөшөө Монгол улсын баруун талын Увс, Хөвсгөл, Ховд, Баян-Өлгий аймгуудын нутагт илүү тархсан байдаг. Тухайлбал, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын нутаг Дөрөлжийн ам, Цагаан уул сумын нутаг Хөшөөт, Архангай аймгийн Их Тамир сумын нутаг Алтансандал уул, Тариат сумын Хурын ам, Ховд аймгийн Дарви сумын нутаг Чулуутын огтрох, Мөнххайрхан сумын Телегин ам, Мөст сумын Бодончын гол, Увс аймгийн Бөхмөрөн сумын Наран бэл, Баадайн ам зэрэг газруудаас олджээ. Дөрөлжийн амны өргөн хөндийд том хиригсүүрийн дунд босгосон дөрвөн буган хөшөөний нэгийг цайвар саарал өнгийн боржин чулуугаар хийсэн, 3 м өндөр, 0,4 м өргөн хэмжээтэй бөгөөд түүний оройн хэсэгт төвгөр гарган малгай мэт зүйлийг дүрсэлсэн ба хөшөөний оройн хэсгийг эргэн тойрон нэг эгнээ олон хонхор гаргаж доод талаар нь нарийвтар бүс татаж гурав заагласан байна. Хөшөөний баруун хажуугийн дээд оройн хэсэгт хоёр ташуу зураас, бүснээс зүүсэн хоёр үзүүр нь дээш тахийж ээтийсэн эдлэл, нүүрэн өргөн талын дээд хэсэгт онги (нар), дунд хэсэгт дөрвөн бугын нэгийг нь хөндлөн, гурвыг нь хөшөөний орой руу хандуулан цувуулж бодит байдлаар дүрсэлжээ. Зүүн хажуугийн дунд хэсгийн дээхнэ талд зогсч буй ганц буга, арын өргөн хажуугийн оройн хэсэгт онги /нар/, дунд хэсэгт таван бугыг хөшөөний оройруу хандуулан цувуулж, бодит байдлаар дүрсэлсэн ба бүсний доод талд чинжаал дүрсэлжээ. Энэ төрлийн хөшөөний өөр нэг өвөрмөц дурсгал бол Алтан сандлаас олдсон хөшөө юм. Түүний нүүрэн талын дээд хэсэгт онги (нар) нүүрэн ба баруун хажууг ороолгон эзлүүлж хоёр бугыг загварчилан дүрсэлсэн ба ба баруун талын нарийн хэсэгт эвхэрч цагирагласан ирвэс, хоромсого, арын өргөн талд дороо үзүүр нь хоёр салаалсан иштэй онги, нум сум, хоромсого, дугуй толь, жадны гилбэр зэргийг гурван адууны бодит байдлаар дүрсэлсэн зургийн хажуу завсаруудад цоолборолжээ. Энэ хөшөөний онцлог бол буган хөшөөний хоёр төрлийн шинжийг (бугыг загварчилан, амьтныг бодитой дүрсэлсэн) хамтад нь агуулж буйд оршино.Ийнхүү одоогийн байдлаар Монгол улсын нутгаас амьтныг бодит байдлаар дүрсэлсэн буган хөшөө нийтдээ 10 орчим олдоод байна.Буган хөшөөний гуравдах, өвөрмөц төрөл болох буга болон амьтдын дүрсгүй, харин нар сар, зэр зэвсэг, бүс зэргийг дүрсэлсэн хөшөө Монгол улсын баруун аймгуудын нутгаар цөөвтөр боловч тархсан байдаг. Энэ төрлийн хөшөөг төлөөлүүлэн Увс аймгийн Түргэн сумын Дэлгэр мөрөн багийн төвд буй 1,1 м өндөр, 0,4 м өргөн, 0,25 м зузаан хөшөөг авч үзье. Хөшөөний дээд хэсгээр нарийн ховилон хонхор тойруулан татаад нүүрэн ба ар талын дээд хэсэгт тус бүр нэг онги, хажуу нарийн талд ташуу гурван зураас зуржээ.Хөшөөний дунд хэсгийн урд талд алхан зээтүү, дунд талд тахир эдлэл, арын өргөн талд саадганд буй нум дүрсэлжээ. Дээрхтэй адил хөшөө мөн сумын Бурхутайн өвөр, Улаангом хотын хойт талаар урсах Хархираагийн голын Цагаан сай, Тариалан сумын Чигээчний голын баруун дэнж, Завхан аймгийн Тэлмэн сумын нутаг, Сонгино сумын Айраг нуурын орчим, Увс аймгийн Хяргас сумын Ширгэн хөндийгөөс, Баянхонгор аймгийн Пунцаг овооноос тус тус олдсон байна. Эрдэмтэд Төв Азийн нутагт өргөн тархсан дөрвөлжин булштай, буган хөшөөг он цагийн хувьд холбогдуулан авч үздэг хэдий ч дөрвөлжин булшийг үйлдэхэд буган хөшөөг авч ашигласан тохиолдол элбэг байгаа нь энэ хоёр дурсгалын он цагийн ялгааг харуулах чухал хэрэглэгдэхүүн болно. Тухайлбал, Архангай аймгийн Их Тамир сумын Баянцагаан голын адаг, Алтан сандал уулын бэл, Батцэнгэл сумын Шивэртийн ам, Эрдэнэмандал сумын Хөшөөн тал, Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Хядагийн эх, Мөрөн хотын орчим Дэлгэр мөрний хөндий, Галт сумын Нүхтийн ам, Булган аймгийн Орхон сумын төв, Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын Шатар чулуу, Хэнтий аймгийн Дунд Жаргалантын гол зэрэг олон газар буй дөрвөлжин булшны өнцөгт буган хөшөөг босгож байсан төдийгүй, булшны хана болгон түүний сийлбэрүүдийг далд ортол булж суулган, бүр хэвтүүлэн ашигласан нь илэрчээ. Түүгээр ч барахгүй Шивэртийн амны 2-р дөрвөлжин булшийг хийхэд арван буган хөшөө, хоёр зурагтай чулуун хавтанг ашигласнаас дөрвөөр нь булшны гадна талын (хойт урд) хана босгож, зургаагаар нь булшны доторхи (газрын гүнд) авсны таг, хана, бүр шал хийжээ. Мөн Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутаг Тэмээн чулууны аманд буй дөрвөлжин булшны өнцөгт нэгэн буган хөшөөний толгойг уруу харуулан босгосон байна. Эдгээр баримтаас хүрэл зэвсгийн эцэс, төмөр зэвсгийн түрүү үед хамаарах дөрвөлжин булшны өнцөгт хүрэл зэвсгийн дунд үед үүсч бүтээгдэж байсан буган хөшөөг түүний булангийн хөшөө болгон босгожээ гэж үзэхэд, түүний хажуу хананд сийлбэрийг далд ортол булсан, эсхүл бүр булшны нүхэн дэх авс хийсэн, толгойг уруу нь харуулж босгосон буган чулуун хөшөөг тэрхүү булшийг хийж үйлдэхэд зориулан жирийн материал болгон ашиглажээ хэмээн үзэхэд хүргэж байна. Энэ саналыг давхар бататгах бас нэгэн баримт бол булшны хажуу хана авсанд авч ашигласан буган хөшөө гол төлөв хугархай байгаагаас ч тодорхой. Булган аймгийн Орхон сумын Баруун могой, Архангай аймгийн Батцэнгэл сумын Хөрөөгийн үзүүр, Өвөрхангай аймгийн Богд сумын Тэвш уул, Бат-Өлзий сумын нутаг, Баянхонгор аймгийн Жаргалант сумын Бугат зэрэг олон газраас олдсон хүрэл зэвсгийн үеийн хадны зурагт буган хөшөөн дээр бугыг дүрсэлдэгтэй адил амьтныг загварчлан дүрслэх аргын хэд хэдэн барилаар бугыг дүрсэлсэн байгаа нь буган хөшөөний он цагийг урагшлуулан авч үзэх бас нэг чухал хэрэглэгдэхүүн юм. Буган хөшөөний он цагийг тогтооход хамгийн чухал үндсэн тулгуур хэрэглэгдэхүүн бол түүн дээр сийлсэн зэр зэвсгийн зүйлс бөгөөд тэдний хэлбэр төрхийг нарийвчлан үзвээс буган хөшөө зарим эрдэмтдийн үзэж байснаас нилээд эрт үүссэн бололтой. Тухайлбал, Архангай аймгийн Их тамир сумын Арцтын амны буган хөшөөнөө сийлсэн бөгтөр мөртэй цагирган сэнжтэй хутга, Хөвсгөл аймгийн Мөрөн хотын орчим Дэлгэр мөрний хөндий, Уушгийн өвөр, Галт сумын төв, Булган аймгийн Орхон сумын төв зэрэг нилээд хэд хэдэн газраас олдсон зарим буган хөшөөнөө сийлсэн янгир, араатан амьтны толгойн хэлбэртэй иш тольт бүхий чинжаал хутгууд зэрэг зэр зэвсгийн зүйлс хүрэл зэвсгийн дунд үед ойролцоогоор МЭӨ II-I мянган жилд буюу МЭӨ XII-МЭӨ III зуунд холбогдох нь маргаангүй билээ. Буган хөшөөнөө буганаас гадна металл зэр зэвсгийг олонтой дүрсэлсэн байдгаас түүнийг металл зэвсэг үйлдвэрлэлд нэвтэрч, үйлдвэрлэхүй хүчин улам эрчимтэй хөгжсөнөөр, хүй нэгдлийн овгийн байгууллын дотоод зохион байгуулалтанд үндсэн өөрчлөлт оруулж, эцгийн эрхт ёс тогтсон тэр үед дайчин эр хүнд зориулан босгосон хөшөө гэж үзэх онолын үндэслэл байна. Буган хөшөөг хүрэл зэвсгийн эцэс төмөр зэвсгийн түрүү үеийн дөрвөлжин булшийг үйлдэхэд хөшөөг жирийн материал болгон өргөн ашигласан, түүн дээр хүрэл зэвсгийн дунд үед холбогдох зэр зэвсгийн зүйлсийг дүрсэлсэн, түүнийг баатар дайчин эр хүнд зориулан босгосон зэргээс манай ард түмний эртний түүх, урлаг, соёлын гайхамшигт дурсгал энэхүү сүрлэг баримал (монументальный скульптур) хүрэл зэвсгийн дунд үед үүсч төмөр зэвсгийн эхэн үеийг дуустал бүтээгдэж байжээ. Буган хөшөөний гарал үүслийн асуудал нэг мөр шийдэгдээгүй боловч хүрэл зэвсгийн дунд үед Монгол улсын нутагт үүсэн бүтээгдэж цаашид Тува, Байгалийн наад бие нутгаар тархсан нь буган хөшөөний тархалт зэргээс тодорхой харрагдаж байна. Түүнчилэн Төв Азийн нутагт 700 орчим буган чулуун хөшөө мэдэгдэж байгаагийн 80 орчим хувь нь Монгол улсын нутагт байгаа явдал нь ч үүний баталгаа болох юм. Буган хөшөө хэмээх гайхамшигт дурсгал анх Монголын төв нутагт хүрэл зэвсгийн дунд үед үүсч төмөр зэвсгийн түрүү гэхэд Монгол нутаг даяар түгэн дэлгэрч цаашдаа одоогийн Тува, Байгаль нуурын наад бие хүртэл өргөн тархсан ба улмаар Казакстан, Дундад Ази, Оренбургийн муж, Умарт Кавказ, Эльба мөрөний сав хүртэл цөөн тоогоор нэвтэрсэн суурьшмал иргэдийн дунд олон арваар бүтээгдэж байгаагүй нүүдэлчдийн дурсгал юм.
  • Буган хөшөөБуган хөшөө бол хүрэ зэвсгийн үед анх Монгол нутагт үүсч , Ази Европын хээр талд тархсан түүх соёлын гайхамшигт дурсгал юм. Одоогийн байдлаар дэлхийн хэжээнд 700 орчим буган хөшөө олдсоноос 550 орчим нь Монгол нутагт байна.
Буган хөшөө нь дундажаар 1-4 м өндөр, 20-30см зузаан, 30-80см өргөн хэжээтэй бөгөөд зураг , сийлбэр, уран барималын аргуудыг хослуулан үйлджээ. Буган хөшөөний хажуугийн 4 талыг сайтар засч, гурав зааглан тус бүр дүрлэсэн зүйлтэй. Дээд хэсэгт нар сар, хүний нүүрний дүрс, их бие хэсэгт сүрэг бугыг загварчлан дүрсэлсэн байна, төгсгөл хэсэгт нь чинжаал, байлдааны алх, хутга, нум сум, жад бамбай зэргээр дүрсэлжээ.
Буган хөшөөг хэлбэр төрхөөр нь үндсэн гурван төрөлд хуваан үздэг:
·         Монгол-Өвөр байгалийн бугын загварчилсан дүрст хөшөө
·         Саян-Алтайн амьтдын “бодит” дүрст буган хөшөө
·         Ази-Европын амьтны дүрсгүй буган хөшөө
Хадны сүг зураг: Монгол орны нутаг дэвсгэр дээр оршин амьдарч байсан хүрэл зэвсгийн үеийн хүмүүсийн үлдээсэн өөр нэгэн хосгүй дурсгал бол хадны зураг юм. Энэ үед холбогдох хадны зургийг улаан зосон, сийлмэл хэмээн ангилан авч үздэг. Улаан зосон зураг бол Монголын хүрэл зэвсгийн үеийн түүх соёлын нэгэн өвөрмөц дурсгал юм. Улаан зосон зургийг өөр өөр үед зурсан бөгөөд дүрс, утга агуулгаараа хорондоо өвөрмөц ялгаатай байдаг тул судлаачид хэдэн төрөл болгон ангилан судалж иржээ. Монгол орны хүрэл зэвсгийн үед холбогдох улаан зосон зургийн гол төлөөлөгч нь “Сэлэнгэ”-ийн төрлийн зосон зураг юм. Монголын хадны улаан зосон зургийн хамгийн өргөн тархсан дурсгал болох “Сэлэнгийн” төрлийн зосон зураг Улаанбаатар хотын дүүрэг Богд хан уулын Их тэнгэрийн ам, Гачууртын ам, Хөвсгөл аймгийн Баянзүрх, Гачуурын бичиг, Улаан-уул сумын нутаг Толжийн боом, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Зэлтэрийн голын Цагаан Оломын гарамны дэргэдээс, Хүйтний голын бичигт хад, Шарын голын Цагаан нуур, Хэнтий аймгийн Дадал сумын Балжийн хавцгай, Булган аймгийн Орхон сумын Баруун могой гол, Орхон гол, Бугат сумын Бичигт хад зэрэг газраас олджээ. Эдгээр зургууд нь ерөнхий сэдэв урласан арга барилын хувьд нэгдмэл байдагт гол онцлог нь оршдог.Энэ төрлийн зургийн бүхий л талын шинжийг агуулсан хамгийн сонгодог зураг бол Их тэнгэрийн амны зураг билээ. Эдгээр зургаа харахад дүрслэлийн төв хэсэгт нь дотроо олон дугуй толбо бүхий дөрвөлжин хашлага болон дугуй хүрээг зурсан байдаг ба түүний дээд талд далавчаа дэлгэсэн бүргэд шувуу, доогуур болон хажуу талаар нь хөтлөлцсөн хэдэн хүн, зэрэгцээ хоёр замаар адуу хөтлөн явж байгаа хүн зэргийг голчлон дүрсэлсэн байдаг. Энэ зураг нь хүрлийн үеийн овгийн нэгдлийг харуулсан баримт хэмээн судлаачид үздэг. Тэд дөрвөлжин хашлага буюу дугуй хүрээгээр овог аймгийг, түүний доторх олон толбоор овгийн гишүүдийг билигдсэн бөгөөд далавчаа дэлгэсэн шувуугаар тухайн овгийг хамгаалуулах гэсэн санааг илэрхийлсэн байж магадгүй хэмээн үзжээ. Их тэнгэрийн ам, Гачууртын ам, Хөвсгөлийн Бичигт булаг,  Шарын голын Цагаан нуурын орчмоос олдсон зосон зурагт хоёр зэрэгцээ замаар цувж яваа адуу, морь хөтөлсөн хүнийг дүрсэлсэнтэй ижил сэдэв зохиомж бүхий сийлмэл зурагтай чулуун хавтанг хожим авч ашиглан хүрэл зэвсгийн үеийн дөрвөлжин булшны доторхи чулуун авсны таг хийсэн нь Архангай аймгийн Батцэнгэл сумын нутаг Шивэртийн амнаас олдсон билээ. Энэ нь улаан зосон зураг их эртний үүсэлтэй болохыг харуулах сонирхолтой баримт юм.Монголын хүрэл зэвсгийн үеийн хадны улаан зосон зургийн өвөрмөц нэгэн төрөл бол “Тэмээн чулууны ам”-ны төрлийн зураг юм. Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутаг Тэмээн чулууны амны дөрвөлжин булшны ханын хавтгай чулуун дээр өрөөсөн гараа өргөөд эгнэж зогссон олон хүнийг дүрсэлсэн ба үүнтэй ижил эгнэж зогссон олон хүний зургийг Хэнтий аймгийн Батхаан сумаас олджээ.
  • МЭӨII мянганд хааарна.
  • Монголын хадны улаан зосон зургийн хагийн өргөн тархсан “Сэлэнгийн” төрлийн зосон зураг:
  • Уаанбаатар хотын Богд хан уулын Их тэнгэрийн ам, Гачууртын ам
  • Хөвсгөл аймгшийн Баянзүрх Гачуурын бичиг, Улаан-уул сумын Толжийн боом
  • Сэлэнгэ аймгийн Цагаан нуур сумын Зэлтэрийн голын Цагаан оломын гарамны дэргэд, хүйтнихй гоын бичиг хад, Шарын гоын Цагаан нуур
  • Хэнтий аймгийн дадал сумын Балжийн хавцгай
  • Булган аймгийн Орхон сумын Баруун Могой гол, Орхон гол, Бугат сумын Бичигт хад гэх мэт
Эдгээр зосон зургийн дээд хэсэгт халин нисч яваа бүргэд шувуу, түүний доор дөрвөлжин хашлага буюу дугуй хүрээ, дотор нь олон дугуй цэг-толбо дүрсэлдэг. Хашлага хүрээний гадна хөтлөлцөж зогссон хэдэн хүн, хаяа дотор нь хоёр зэрэгцээ замаар адуу хөтлөөд явж буй хүн, нохой, нум сумаар харваж буй хүн зэргийг дүрсэлжээ.
Энэ үеийн дурсгалд:
Хэнтий аймгийн Рашаан хад, Үзүүр цохио
Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Цэнгүүнжавын Их, Бага муна, Цэцэрлэг сумын хүүхдийн овоо, Модтой толгой, Цахир
Увс аймгийн Баруун Туруун сумын хар цагаан ус гэх мэт
Хөвсгөл аймгийн Цахирын хадны зураг
Эндээс олон тооны тамга
Хүрэл зэвсгийн үеийн хэлбэр төрхтэй том том чинжаал хутга
Илд болон амьтдын зураг
Эр хүйсийг цохон дүрсэлсэн хүн
Ховд аймгийн Ямаан ус
  • Байлдааны зээтүүгээр хоёр этгээд нэгнийхээ толгойг цохиж буй зураг
  • Нум сумаар харваж буй хүн
  • Янгир, морь, тэмээ дүрсэлжээ
Төмөр зэвсгийн үе:
·         Төмөр зэвсгийн үе
·         Төмөр зэвсгийн үеийн аж ахуй
·         Төмөр зэвсгийн үйлдвэрлэлийн эхэн
·         Төмөрлөг боловсруулалт буюу дархны газар
·         Нийгмийн байгууламж ба соёлын зарим асуудал:
         - Нийгмийн байгууламж
         - Соёлын зарим асуудал
         -Чандмань уулын булш төмөр зэвсгийн үеийн соёлтой холбогдох нь
Төмөр зэвсгийн үе: Төмөр зэвсгийг анх 1200 оны үед Ойрхи Дорнодод хэрэглэх болсон. Төмөр нь хүрлээс илүү бат бөх, багаж зэвсэг хийхэд тохиромжтой байсан тул илүү ашиглах болсон байна. Төмөр нь хүрлийг бодвол олдоц ихтэй ч төмрийн үеийн эдийн засагт шилжих явц хүчирхэг гүрнүүд хүрлийн үедээ хэт удаан байснаас шалтгаалан ихэд тасалджээ. Эдгээр улсыг мөхсний дараа төмрийг өргөнөөөр хэрэглэх болсон байна. МЭӨ Х зууны үед Ассир өөрчлөгдөн шинээр үүсэн бий болсон улсууд ч төмөр ашиглаж эхэлжээ. 
Төмөр зэвсгийн үе нь МЭӨ 7-3-р зууныг хамарна.
Төмөр зэвсгийн үеийн аж ахуй: Төмөр зэвсгийн түрүү үед газар тариалан нэлээд ахицтай хөгжлийг олжээ. Тэр үеийн хүмүүс газар тариаланд зөвхөн зээтүү, царил зэрэг энгийн хөдөлмөрийн багаж зэвсэг төдийгүй анжис хэрэглэн малын зүтгэх хүчийг ашиглах болжээ. Төмөр зэвсэг үйлдвэрлэлд нэвтэрснээр зэр зэвсэг, хөдөлмөрийн багаж зэвсгийн хөгжил, улмаар газар тариалан үйлдвэрлэлийн хөгжилд бүхнээс илүү их дэвшлийг үзүүлсэн. Хэдий тийм боловч эх газрын эрс тэс уур амьсгалтай, хуурай хөрстэй нутаг голчилсон нүүдлийн мал аж ахуй үндсэн аж ахуй нь болж байсан. Энэ үеийн нүүдэлчдийн аж ахуй, амьдралд газар тариалангийн эзлэх байр суурь тун бага бөгөөд төмөр зэвсэг үйлдвэрлэлд нэвтрэхдээ бусад суурьшмал газар тариалан голчлон эрхэлдэг орны түүхэнд гүйцэтгэсэн шиг тийм их “хувьсагч” үүргийг гүйцэтгэж чадаагүй түүхэн онцлогтой.
Төмөр зэвсгийн үйлдвэрлэлийн эхэн
Он цаг улиран өнгөрөхөд Монгол орны эртний хүн амын эдийн боловсролд төмөр эдлэлийн нутгийн  үйлдвэрлэл бий болсон байна. Энэ нь МЭӨ 3-р зууны үед үүссэн бөгөөд төмөр багаж зэвсэг, зэр зэвсэг хийж, төмөр боловсруулан үйлдэх болсон нь үйлдвэрлэх хүчнийг хөгжихөд их чухал амжилт болжээ. Арвин элбэг хээ угалзаар гоёж чимсэн хүрэл хутга цутгадгийг бодвол төмрийн хүдэр боловсруулж төмөр давтан дархалж хамгийн эгэл юм хийхэд ч бүр их барил мэргэжил хэрэгтэй болсон байна. Үүнээс шалтгаалан гар үйлдвэрлэлд хөдөлмөрийн хуваарь үүсэж хүйн нэгдлийн дархан-гар үйлдвэрч мэргэжилтэн хүн бий болжээ. Монгол харвуулын сум хийдэг уран зэвч дайны нум үйлддэг мэргэжсэн сумч хүн байсан мэдээ түүхийн сурвалж зохиолд байдаг. Эд бүгд нь гар үйлдвэрлэл улмаар дэвшин тусгаарлаж байсныг зааж байгаа хэрэг юм. Тэгж тусгаарлах нь овгийн нэгдэл дотор хөдөлмөрийн хуваарь цаашдаа хөгжихөд дөхөм болсон байна.Тэр хуваарийн хүчээр өсөж байсан арилжаа нь гэр бүлийн өмч тэгшгүй төвлөрөхийн маш чухал шалтгаан болсон бөгөөд тэр хуримтлалын зам, мөр уг сурвалжийг  Чжоу улсын хожуу үед түүний хойд зүгээс довтлон уулгалсан олон дээрмийн мэдээ зүйл гэрчилж байна. Үйлдвэрлэлд боол хэрэглэснээр үйлдэн бүхий бүтээгдэхүүний тоог эрс мэдэгдүүлж хөрш оронтойгоо худалдаалахад нь дөхөм болжээ.Тэр худалдааны гэрч нь хойд зүгээс олдсон Чжоу улсын  үеийн хутга элдэв төмөрлөг, эд эдлэл гол төлөв зэр зэвсэг байжээ. Мөн хойд зүгийн аймаг Чжоу улсаас давс авч байсан нь мэдэгджээ. Эдгээр бүх мэдээлэл МЭӨ 3-р зууны үед монгол оронд нутаглаж байсан аймгуудын овгийн хуучин байгууллага нь хөдөлмөрийн өсөн бүхий шинэ хэлбэрийн үндсэн дээр бойжин хувийн өмч боолчлол арилжаа их болж байсан явдлаас хөндөгдөн ганхаж байсныг үзүүлж цэргийн дээрэм уулга удирдагчид, аймгийн тэргүүлэгчид, овгийн зонхилогчдын ач холбогдол их болсоор тэдний дундаас тал газрын хүчит баян сурвалжтан бий болжээ. Тэдгээр сурвалжтан үхэгсдээ оршуулах зан үйлд ч бусад үйл олноосоо гаргууд гойд байхыг эрмэлзжээ.Үүнд төмөр эдлэлийн арилжаа ч өсөж, боолын хөдөлмөр хэрэглэсэн тэр цагт үхэгсдийг оршуулан булшлах явдал хоёр янз болсон. Булж оршуулах тэр хоёр ёс байдлын нэг нь угтаа хуучин уламжлалд хэлбэрээ хэвээр байлгаж нөгөөдөх нь нилээд чирэгдэлтийн дээр баахан ховор дайралддаг аймгийн сурвалжтаны булш болох нь тодорхой байна. Эцгийн эрх овгийн сурвалжтаныг гагцхүү дээрэм уулга хүчтэй болгосон хэрэг биш нэгтэйгүүр анхны хүй нэгдлийн байгуулалд хамгийн үндсэн зүйл болсон хамтран үйлдвэрлэж  цугаар өмчилдөг ёсыг хувийн өмч хөндийлөн идэж нөгөөтэйгүүр бүр нэмэгдэн бүхий хувийн хөрөнгийг эзэмшиж овгийн сурвалтан этгээд бодит эрх мэдлийг олж авчээ.Тийнхүү анхны хүй нэгдлийн байгуулал монгол газарт үеэ дуусгасаар мөхөх тийшээ хэлбийжээ. МЭӨ 1 мянган жилийн түүхийн тэмдэглэлд хүннү нарын удам байлцсан Жунлиху гэсэн ерөнхий нэрийн доор Төв Азид нутаглаж байсан овог аймгуудын тухай дурьдсан байна.
Төмөрлөг боловсруулалт буюу дархны газар
      Төмөр зэвсгийн түрүү үе нь хүй нэгдлийн түрүү үеийн төгсгөлийн шат бөгөөд тэр үед эртний овог аймгууд төмрийн хүдрийг хайлуулах аргыг эзэмшиж, төмрөөр хөдөлмөрийн багаж, байлдааны зэр зэвсэг үйлдвэрлэх болжээ. Хүн төрлөхтний урьд өмнө туулж ирсэн чулуун зэвсэг, хүрэл зэвсгийн үеийг бодоход төмөр зэвсгийн үе богино юм.Төмөр зэвсгийн үйлдвэрлэл дэлхийн орон бүрт харилцан адилгүй өөр өөр үед тархсан байдаг.
        Монгол нутагт оршин суугчид МЭӨ  VII зуунаас төмөр зэвсгийн түрүү үед шилжин оржээ. Ийм үеийг Ф.Энгельс төмөр илдийн зэрэгцээгээр төмөр анжис, төмөр сүхийн үе гэж нэрлэжээ.Төмөр зэвсгийн түрүү үед монгол оронд суугчдын аж ахуйн нэгэн туслах салбар бол төмөрлөг боловсруулах дархны ажил байсан юм.Тэр үеийн хүмүүс зэсийн хүдэртэй уурхай ордыг илэрүүлэн олж малтан гарсан хүдрийг боловсруулж хайлуулан цагаан тугалгатай хольж хүрэл хэмээх нийлэг төмөрлөгийг гаргаж авсан юм. Зэсийн хүдрийг бодоход элбэг дархацтай төмрийн хүдрийн ордыг олж, малтаж гарган хүдрээ хайлж боловсруулан төмрийг гарган авдаг болсон. Төмөр зэвсгийн үйлдвэрлэл нь монгол оронд аж ахуйн бие даасан салбар болтлоо хөгжиж чадаагүй үндсэн нүүдлийн мал аж ахуйн хавсрага болж ирсэн юм.
          Монгол орны төв, өмнөд болон баруун аймгуудын нутгаас төмрийн хүдрийг ухаж авч байсан уурхай элбэг олддог.  Өвөрхангай аймгийн Зүүнбаян Улаан сум, Увс аймгийн Сагил сумын нутгаас эрт цагт төмөр хайлуулж байсны ор үлдэгдэл зуух, төмрөн хайлш зэрэг олдсон бөгөөд тэнд уулын орой, хөтөл дээр ихээхэн хэмжээний төмрийг хайлуулж байжээ. Төмрийн хүдрийг хайлуулж ,төмөр гаргаж авах нь зэсийн хүдрийг хайлуулахаас хэцүү бөгөөд үүний тулд 13500 хүртлэх илчтэй дулааныг гаргаж авах шаардлагатай байдаг.  Энэ нь эрдэмтэн Х.Пэрлээгийн судлаж илэрүүлсэн “Бух дарах” гэдэг үргэлж салхитай байдаг уулын онь хөтөл дээр галлах амыг салхи өөд харуулсан зуух барьж , түүнд илч ихтэй түлш хийж тэр түлшний дээр төмрийн хүдэр овоолоод гар оруулж төмөр хайлдаг аргыг хэрэглэж байсны баримт юм. Төмөр зэвсгийн түрүү үеийн булшнаас төмөр алхан зээтүү, анжис, чинжаал хутга зэрэг аж ахуй, цэргийн зориулттай багаж зэвсгүүд олдож буй нь төмөр зэвсэг үйлдвэрлэлийн хөгжлийг харуулах баримт юм. Төмөр хөдөлмөрийн зэвсэг багажтай болсноор гэр, сууц барих тэрэг болон чарга хийх мод болон ясаар хөдөлмөрийн багаж хийх ажил улмаар газар тариалангийн ажилд ихээхэн дэвшилт гарсан юм.
       Чандмань уулын булшны доторх модон байгууламжуудыг барихад 15-40см голточ  бүхий бүдүүн шургааг, дүнз модыг дандаа цавчиж, талдан углуурга гэж заримд нь цонх гаргасан байдаг. Гуалингуудын тас цавчсан модны дээр мөрийг ажихад хөрөөний мөр үгүй бөгөөд төмөрлөг сүх ойл зэвсгээр цавчсан болох нь тодорхой байдаг. Энэ нь төмөрлөг зэвсгийг хэрэглэх болсноор барилга байгууламж, Модны дархны ажилд чухал дэвшилт гарсныг харуулж байна.  Булган аймгийн Орхон гол ,Ховд аймгийн алаг чулуу, Баянлигзэрэг  газрын хаднаа үхэр хөллөөд газар хагалж буй анжис дүрсэлсний бүтэц хийцийг судалж үзэхэд төмөр буюу төмөрлөг хошуутай анжис болох нь маргаангүй танигддаг. Ийнхүү төмөрлөг ба төмөр зэвсгийг үйлдвэрлэлд хэрэглэх болсон нь тухайн үеийн хүмүүсийн аж ахуйг хөгжүүлэхэд ихээхэн түлхэц болсон юм.
    Энэ үед гэр зуурын үйлдвэрлэлийн бас нэг туслах салбар болох шавар сав хийх ажил нэлээд ахицтай хөгжиж хоол унд чанах вааран тогоо, янз бүрийн шингэн ундаа хийх зориулалттай олон төрлийн хэлбэр төрхтэй ваар сав хийдэг болжээ. МЭӨ VII-IV зуунд холбогдох Чандмань уулын булшнаас 8 төрлийн 60 гаруй шавар ваар олджээ.
Нийгмийн байгууламж ба соёлын зарим асуудал
    Төмөр зэвсгийн эхэн үед амьдрагсдын нийгэм, эдийн засгийн хөгжилд нүүдлийн мал аж ахуй ба металл боловсруулалтын хөгжил нэмүү бүтээгдэхүүний түргэн өсөлт, амжиргааны хөгжил, өмчийн хуримтлал ба хүйн жирийн гишүүдээс мөлжигч элеменүүд төрөн гарахад хүргэжээ. Үйлдвэрлэлийн үндсэн хэрэгсэл ба хөдөлмөрийн бүтээгдэхүүний хувиарлалтанд ноёлж байсан хүй нэгдлийн тэгш зарчим өөрчлөгдөж эд хөрөнгийн ба нийгмийн дотор эзлэх байр суурийн ялгавар гарч буй нь археологийн судалгааны баримтаас ажиглагдаж байна. Төмөр зэвсгийн түрүү үед Монгол нутагт амьдрагсдын нийгэмд эцгийн эрхт овог ноёрхож, тэдний амьдралд цэрэг эрс, дайн байлдаан чухал үүрэгтэй болсон нь түүх археологийн олон баримтаас харагддаг.
       Төмөр зэвсгийн үеийн монголын нүүдэлчин овог аймгуудын цэрэг эрс нь иж бүрэн зэр зэвсэгтэй байжээ. Тухайлбал, гардан тулалдаанд чинжаал хутга, байлдааны алх буюу зээтүү, илд, урт богино жад, бороохой зэрэг охор зэвсгүүд холын тулалдаанд энгийн ба зүймэл хийцтэй нум, сум, дүүгүүр зэрэг уртын зэвсгийг хэрэглэдэг байжээ. Үүнээс гадна бамбай, дуулга зэрэг хамгаалах зэвсэг өмсгөлтэй байсан юм. Чинжаалыг гол төлөв хүрэл ба төмрөөр хийдэг. Чандмань уулын булшнаас хүрэл, төмрөөр хийсэн байлдааны зээтүү буюу сүх, алх арав орчим чинжаалтай хамт нэг булшнаас олдсон юм.
       Төмөр зэвсгийн эхэн үед ан агнуур, дайн байлдаанд өргөн хэрэглэдэг холын тусгалтай хурдан зэвсэг нь нум сум байжээ. Тэр үеийн нум бүтнээрээ одоо хүртэл олдоогүй боловч нумын өмхөрч эвдэрсэн жижиг хэсгүүд олдсон юм.
     Монголын хүрэл ба төмөр зэвсгийн түрүү үеийн цэрэг эхс дээд тал нь шовх зуйван хэлбэрийн таван талтай, дээд хэсэг нь мөлгөр зууван, зууван дөрвөлжин хэлбэрийн бамбай өргөн хэрэглэж байсан бөгөөд тэдгээр бамбайг буган хөшөөнд дүрсэлсэн байдаг.
       Хүрэл ба төмөр зэвсгийн түрүү үед цэрэг эрс хоорондоо явган, морьтой тулалддаг байсан бөгөөд энэ нь хадны зурагт ч тодорхой тусгалаа олсон байдаг. Өвөрхангай аймгийн Тэвш уулын хадны зурагт дүрслэгдсэн цэрэг эрсийн дүр, тэдний зэр зэвсэг, хувцас зэргийг эрдэмтэд тусгайлан судлаад хүрэл зэвсгийн сүүл, төмөр зэвсгийн эхэн үед цэрэг эрс иж бүрэн зэвсэгтэй байсан ба цэргийн жагсаал буй болсон байна хэмээх чухал дүгнэлтэнд хүрсэн юм.
   Дээрх түүх археологийн олон баримт нь Монгол нутагт амьдарч байсан овог аймгуудын нийгмийн амьдралд дайн байлдаан онцгой үүрэгтэй болсон ба эцгийн эрхт ёс нэгэнтээ хэлбэршин тогтож, улмаар нийгмийн хөгжлийн “Цэргийн ардчлал”, “Хөдөөгийн хүй”, “Аймгийн холбоо” гэж янз янзаар нэрлэдэг шатанд орсон билээ.
  Үйлдвэрлэлийн харьцаа цусан төрлийн холбоотой давхцаж маш нягтаар уялдан байдаг нийгмийн нийтлэг нэгж болох овог, ураг төрлийн бус харин орон нутаг-үйлдвэрлэлийн зарчим дээр бүрэлдсэн байгуулалд аяндаа байраа тавьж өгдөг байна. Хүй нэгдлийн овгийн байгууллын задралын үеийг цэргийн ардчилал буюу хүйн шат гэж нэрлэдэг. Хүй нэгдлийн түүхийн онцгой үе шат болох цэргийн ардчилал буюу “аймгийнхны холбоо”-ны тухай Ф.Энгельс нарийн тодорхойлсон байдаг. “Түүний анхны шат нь эцгийн эрхэт ёсны үүсэл, эцгийн хязгаар нь ангит нийгэмд шилжих шилжилт болдог”  байна.
Соёлын зарим асуудал
     Монголын нүүдэлчдийн соёл урлаг төмөр зэвсгийн эхэн үед хөгжлийн харьцангуй өндөр түвшинд хүрсэн байна. Төмөр зэвсэг үйлдвэрлэлд нэвтэрч, нүүдлийн мал аж ахуй цаашид боловсрон хөгжсөнөөр тэдний эдийн ба оюуны соёл ихээхэн өөрчлөлтөнд оржээ. Евразийн хээр талын бүс нутагт ижил төстэй аж ахуй эрхлэн амьдарч байсан олон овог аймгууд Монгол, Өвөрбайгаль, Өмнөд Сибирь, Хар тэнгисийнхэн олон талаараа ижил төстэй соёлын нийтлэгийг бүрдүүлжээ. Энэхүү нийтлэг нь тэдний хооронд эдийн засаг, соёлын өргөн харилцаатай байсныг харуулдаг. Аж ахуй, соёлын өргөн харьцаа тогтоход тэдгээр аймгийн нааш, цаашийн нүүдэл хөдөлгөөн юуны өмнө унаа хөсөг онцгой үүрэг гүйцэтгэсэн юм. Гэвч тэдгээр нийтлэгээс гадна тухайн овог, аймаг бүрт өөрийн өвөрмөц онцлог, орон нутгийн шинж байдал байсан юм.
  Төмөр зэвсгийн эхэн үед манай оронд амьдрагсдын ахуй амьдрал, орон сууц, хувцасны талаарх хэрэглэгдэхүүн тун хомс юм. Баянхонгор аймгийн Баянлиг сумын Бичигтийн зураг, Дундговь аймгийн Өлзийт сумын Дэлхийн зүүн билийн хадны зурагт гэрийг дурсэлсэн байх ба Говь-Алтай аймгийн Наран, Цээл сумын залгаа Цагаан голын хадны зурагт гэр байшин дүрсэлсэн байдгаас энэ үед амьдрагсад эсгий гэр, модон байшин барьж суудаг байсныг мэдэж болно.
  Хүрэл ба төмөр зэвсгийн эхэн үед амьдрагсад биеэ барьсан өмд цамц буюу урт хормойтой дээл өмсч, дээлэн дээрээ бүс бүсэлдэг байжээ. Мөн өргөн хүрээтэй, дуулга мэт бөмбөр хэлбэртэй, салаа оройтой малгай өмсдөг байсан болохыг хадны зургаас мэдэж болно. Тэд өргөн нарийн янз бүрийн суран бүс бүсэлдэг бөгөөд бүсэн дээрээ янз бүрийн хээ гаргаж товруу хаддаг байжээ.
    Булшны хэрэглэгдэхүүнээс үзэхэд төмөр зэвсгийн эхэн үед амьдрагсад “өвөг дээдсийг”, “овог өрхийн онго ба ивээгчийг” шүтэн биширдэг байжээ. Эдгээр бишрэлийг уг сурвалж нас барсан төрөл төрөгсөд нь, хойд насандаа өөр ертөнцөд өөрийн овог хүйн зан заншил, дадал хэвшил, ёс журмаар үргэлжлэн амьдардаг гэж итгэдэг ёсонд үндэслэсэн байдаг байна.
   Хүрэл ба төмөр зэвсгийн эхэн үеийн дурсгалд буга, янгир, аргаль, барс зэрэг амьтдын дүр өргөн тархсан байдаг нь тэднийг хөнгөн шалмаг, түргэн хөдөлгөөнтэй, хүч чадалтай төдийгүй ид шидийн хүчтэй гэж ойлгодгоос тэр билээ.
     Монгол нутагт хүрэл ба төмөр зэвсгийн эхэн үед оршин тогтнож байсан аймгуудын урлаг соёлын хөгжилд чимэглэх урлаг, сүрлэг баримал, хадны зураг үндсэн суурийг эзэлдэг. Эдгээрийн гол шинж нь “амьтны загварт урлагийн” өвөрмөц дүрслэх хэлбэр юм. Амьтны загварт урлаг МЭӨ 7-3-р зууны үед Евразийн хээр талын бүсэд нутаглаж байсан овог аймгуудын дунд өргөн тархсан бөгөөд харин түүний гарал үүсэл нь хүрэл зэвсгийн үед холбогдоно. Хүрэл ба төмөр зэвсгийн эхэн үеийн чимэглэх урлагийн чухал төрөл нь хээ угалз юм. Энэ үед хамаарах хээ угалзыг геометрийн, амьтны, билэгдлийн гэж үндсэнд нь 3 ангилж үзэж болно. Үүний зэрэгцээ хавсрага чимэглэх урлагт төдийлөн байдаггүй сэдэв зохиомж бүхий зураг ч олон байсан.
Чандмань уулын булш төмөр зэвсгийн үеийн соёлтой холбогдох нь
Газрын хөрсөн дээр ямар нэгэн тодорхой мэдэгдэх шинж тэмдэггүй байсан археологийн дурсгалууд салхи, цас, усны үер болон газар шорооны ажлын явцад илэрч олдох тохиолдол байдаг.Ингэж олдсон томоохон дурсгал бол газар шорооны ажлын явцад илэрсэн Увс аймгийн Улаангомын ойролцоо, баруун хэсэгт орших хурц улаан шар өнгөөрөө онцгойрох Чандмань уулын төмөр зэвсгийн түрүү үеийн булшнууд юм. Түүхийн олон цаг үеийн 300 гаруй булш, хөшөө дурсгал байгаагаас 70 гаруйг малтан судлаад байгаа юм. 

Чандмань уулнаа малтсан шороон далантай дүнзэн бунхант булш, приамид хэлбэрийн далантай булш, чулуун далантай авсгүй булш, чулуун хайрцган австай булш үндсэн дөрвөн төрлийн булш нь урьд манай улсын нутгаас олдож байгаагүй булшны шинэ хэлбэр төрх бөгөөд эндээс хөдөлмөрийн багаж, зэр зэвсэг, гоёл чимэглэлийн холбогдолтой олон зуун эд өлгийн дурсгал илрүүлэн олсон нь монгол нутагт төмөр зэвсэг үйлдвэрлэлд нэвтэрсэн он цагийг тодотгоод зогсохгүй, тэр үеийн аж ахуй, нийгмийн байгууламж, оюуны соёлыг судлахад чухал ач холбогдолтой юм.
ТӨМӨР ЗЭВСГИЙН ТҮРҮҮ ҮЕ ЧАНДМАНИЙ СОЁЛ
Монголын төмөр зэвсгийн түрүү үе буюу мэө VII-III зууны үед холбогдох иж бүрэн дурсгал бол Увс аймгийн Улаангом хотын дэргэдэх Чандмань ууланд буй цогцолбор соёл юм.Анх 1972 онд Улаангом хотноо газар шорооны ажил хийж байсан хүмүүс барилгын шороо хайрга Чандмань уулын бэлээс авах үед дүнзэн хашлагатай булш ил гарч, ийм булш байгааг олж мэдсэн ажээ. 

Чандмань уул далайн түвшнээс дээш 1100 өндөр, улаан боржин чулуунаас тогтсон бөгөөд эртнээс нааш тахилгатай байсан нь олон зүйлээр илэрч байдаг.Мөн онд энэ тухай Г.Жамъян, Т.Бямбадорж нар Шинжлэх ухааны академийн Түүхийн хүрээлэнд мэдээлсэн ажээ. Уг мэдээллийн дагуу доктор Д.Дорж газар дээр нь ирж тандалт үзлэг хийн томоохон дурсгал мөн болохыг нь тогтоож, дараахан Д.Наваан, В.В.Волков нарын удирдсан "Монгол-Зөвлөлтийн хамтарсан хээрийн шинжилгээний хүрэл төмрийн түрүү үе судлах анги" судлан шинжсэн байна.1972-1974, 1981-1982 онуудад нийт 60 орчим булш малтан шинжилсэн ажээ. Энэхүү дурсгалыг судлан шинжээд эндээс олдсон дурсгалуудыг адил төстэй дурсгалуудтай харьцуулан судлаад бие даасан соёл мөн болохыг тогтоон "Чандманий соёл" хэмээн нэрийджээ."Чандманий соёл" нь МЭӨ VII-III зуунд холбогдоно. 
"Чандманий соёл"-ыг тусгайлан олон жил судалсан хүн бол археологич Л.Цэвээндорж юм.Уулын эргэн тойронд түүхийн олон үед хамаарах 300 орчим булш, хөшөө дурсгалтай бөгөөд 70 гаруй булшийг малтан шинжээд байна.Чандмань уулын булшийг гадаад хэлбэр, булшны зохион байгуулалт, үхэгсэдийг хэрхэн оршуулсан зан үйл зэргийг нь шалгуур болгон дөрөв ангилсан байна.


1. Том дөрвөлжин чулуун далантай булш: Пирамид хэлбэрийн том чулуун далантай булш Чандмань уулнаа арав гаруй байгаа бөгөөд энэ төрлийн булшнаас төлөөлөл болгон хамгийн хойт захын нэгэн булшийг малтан шинжилсэн байна. Энэ булш 10x10 хэмжээтэй төв дундаа 1 м, захаараа 0,5 м өндөр пирамид хэлбэрийн чулуун -далантай бөгөөд далангийн суурь, хормойн дөрвөн талыг дунджаар 1,1x0,7x0,5 хэмжээтэй чулуугаар чигжиж овоолон бүтээсэн байна. Булшны төв хэсэг дэх бунхнаас хүн амьтны эмх замбараагүйгээр байрласан яс их хэмжээгээр гарсан бөгөөд тонуулчид бусниулсан нь мэдэгдэнэ.

2. Чулуун далантай авсгуй булш: Энэ төрлийн булш нь чулуун далангийн дор 1,3-1,8 м гүнд нүх ухаж дотор нь эр, эм хоёр хүнийг нэгийг нь хөлийг нь атийлган баруун ба зүүн хажуугаар нь хэвтүүлж толгойгоор нь баруун хойд зүгт хандуулсан, нөгөөг нь хоёр хөлийг нь жийлгэж хоёр гарыг нь биеийг нь дагуулан гэдрэг харуулж хэвтүүлээд толгойгоор нь мөн хойд зүгт хандуулсан байдалтайгаар зохион байгуулсан байх ажээ.
3. Жижиг чулуун австай булш: Энэ төрлийн булшнаас Чандмань уулнаа 20 гаруйг малтан шинжилжээ. Эдгээр булш нь газрын хөрснөөс авсыг таглаж тавьсан чулуу нь ил гарсан байдлаар мэдэгдэх бөгөөд 0,8-1 м-ийн гүнээс чулуун авс гардаг. Чулуун авсанд гол төлөв 1-2 хүнийг хоёр хөлийг нь ихэд атийлган баруун буюу зүүн хажуугаар нь хэвтүүлж, толгойгоор нь баруун хойд зүт хандуулан тавьдаг байжээ.Зарим булшнаас хүний бүтэн яс гараагүй боловч антропологийн судалгаанаас үзэхэд хэд хэдэн өөр хүний яс байсан нь их сонирхолтой юм. Энэ төрлийн булшнаас хүрлээр хийсэн бэл, арал, хутга, чинжаал, байлдааны зээтүү, гурван хянгатай шөрөгт зэв, гоёл чимэглэл, гоёл чимэглэл, саадагны гох, ясаар хийсэн шөрөг, хавтгай ясан ялтас, сумны ясан зэв, төмөр хутга, шөрөг, хадаас, явуу, алаг бөөртэй шилэн эрхи, шавар ваар сав зэрэг эд өлгийн зүйлс олдсон байна.
4. Дүнзэн бунхантай шороон булш: Дүнзэн бунхантай булшыг гүн ухаж дотор нь 2,5-3 м орчим урттай бүдүүн шургаагаар дүнзэн бунхан барьж түүнийгээ мод, чулуугаар маш нямбай шаллаж оршуулга үйлдээд бүдүүн урт шургаагаар таглаж хийсэн байна. Бунхан дотор 10 хүртэл хүн оршуулсан байх ба эрэгтэй, эмэгтэй хүн хүүхдийг ч хамт оршуулсан байдаг.Энд оршуулж буй хүнийхээ толгойг баруун буюу баруун хойд зүгт хандуулан хоёр хөлийг ихэд атийлган чулуун дэр дэрлүүлж тавьдаг өвөрмөц зан үйл ажиглагддаг. 
Дүнзэн бунхантай булш нь газрын хөрсөн дээр ил гаргаж барьсан далангүй, гаднаас нь хараад булш байна гэж ялгаж таних шинж тэмдэггүй учир тоногдсон нь цөөн, анх хийсэн янзаараа бүрэн бүтэн, дагалдуулж тавьсан эд өлгийн зүйлс нь бүрэн байдаг учир эрдэм шинжилгээний хувьд онц сонирхолтой.

Энэхүу дурсгалаас хүрэл ба төмрөөр хийсэн чинжаал хутга арав гаруй олдсон байна.
Төмөр чинжаал нь, 
1. Шулуун аагтай цагирган тольттой, 
2. Ир нь угаараа өргөсч ааг болсон ишээ дагасан урт нэвт нүхтэй зууван дугуй хэлбэрийн тольтой гэсэн нийт есөн төрөл байна. Харин байлдааны хүрэл ба төмөр зээтүү арав орчим олдсон бөгөөд эдгээр нь гол төлөв чичлүүр хутганы хамтаар нэг дороос олдож байжээ. 
Чандманьчуудын ан агнуур ба байлдаанд хэрэглэдэг хурдан зэвсэг нь нум сум байв. Чаньдманьчуудын нум одоогоор бүтнээрээ олдож амжаагүй байгаа бөгөөд нумны өмхөрсөн жижиг хэсгүүд дээр тулгуурлан бүхэлд нь сэргээх боломжгүй юм. Гэсэн хэдий ч хэв байдлыг нь ажихад хүрэл төмрийн түрүү үед монгол нутгаар өргөн тархасан "М” хэлбэрийн зүймэл нум хэрэглэдэг байсан ньмэдэгдэнэ. Чандманьчуудын нум нь бүсэлхий орчимоос нь илрэн олдох ба энэ нь тэд нумаа бүснээсээ зүүж явдаг байсныг илтгэн харуулна.Чандманий соёл нь энэ бүс нутгийн хүрэл ба төмөр зэвсгийн түрүү үеийн нийгэм оюун санаа, сэтгэлгээний төвшин зэргийг илрүүлэн судлахад чухал ач холбогдол бүхий дурсгал юм.Энэ дурсгалыг илрүүлэн судалсны үр дүнд МЭӨ VII зуунаас Монгол нутаг дахь эртний хүмүүс төмөр зэвсэг үйлдвэрлэлдээ нэвтрүүлэн хэрэглэх болж улмаар тэдний нийгэм оюун санаа сэтгэлгээний түвшинд нь чухал ахиц гарсан болохыг илтгэн харуулдаг чухал дурсгал ажээ.Тиймээс ч Чандманий соёлыг Монгол нутаг дахь цорын ганц бөгөөд бие даасан томоохон дурсгал мөн гэдэгтэй санал нийлдэг байна./ Google /-ээс ашиглав.

1 comment:

  1. яасан урт болцым дээ жоохон хасаад гол санаааг нь гаргачиж болдгүүмуу

    ReplyDelete