Үндсэн цэс

Нүүр хуудас | Лекц | Блог гэж юу вэ Лекц | Хичээл | Холбоос | Холбоо барих

Thursday, February 27, 2014

Илтгэл хэрхэн бичих вэ?



Сэдэв: Илтгэл гэж юу вэ?
Хүн бүрт өндөр боловсрол, тал бүрийн мэдлэг зайлшгүй хэрэгцээтэй. Гэвч түүний дотроос ярих урлаг, харилцааны соёл, илтгэх чадвар шинэ зууны иргэдийн заавал эзэмших чадвар байх болно гэдэгт илтгэлтэй байж болно. Тэгвэл яагаад илтгэх урлаг хэрэгтэй чадвар байх вэ? ямар ач тустай вэ? гэсэн асуултад хариулья. Үүнд:
-Өөртөө итгэлтэй болох
-Эв эеийг эрхэмлэгч иргэнлиг хүн болгоно
-Харилцааны өндөр соёлтой илтгэгч болгоно
-Амжилтанд хүргэгч хүч болно гэх мэт ерөнхий ач холбогдолтой. Илтгэх урлагт суралцахын тулд нэн тэргүүнд илтгэл хэрхэн бичиж сурах талаар мэдэгдэхүүнтэй байх шаардлага зайлшгүй урган гарна.

Илтгэл хэрхэн бичих вэ? бүтэц, найруулга

Илтгэлийн бүтэц нь ойлгоход хялбар бөгөөд бидний дунд сургуульд үзсэн сонгодог өгүүллэг шиг бүтэцтэй байдаг. Илтгэл нь дараах үндсэн
хэсгүүдтэй байна. Үүнд:
-Оршил хэсэг /15%/
- Үндсэн хэсэг /70%/
- Төгсгөл хэсэг / 15% /
Аливаа илтгэл нь 15 минутаас илүүгүй хугацаанд үргэлжлэх нь зүйтэй. Үүнээс удаан хугацаанд үргэлжилбэл сонсогчдыг чилээж болно.

Оршил хэсэг
Оршил хэсгийг илтгэхдээ сонсогчид тантай “дасан зохицох” нэгээс хоёр минутын хугацаааг тэдэнд олгоорой. Сонсогчид таны дуу хоолойны өнгө, дасал болсон дохио зангаа, нүүрний хувирал болон гадаад төрх байдалд дасан зохицож, сонсогчид болон таны хооронд харилцан итгэлцэл бий болоход энэ хугацаа шаардлагатай байдаг. Танд мөн адил танхимын дуу авианы ойлт, тархалт сонсгол зүйд дасан зохицож сандарч тэвдсэн байдлаа даван туулахад төдий хэмжээний хугацаа шаардлагатай. Та сонсогчидтойгоо нөхөрсөг харьцаа тогтоох хэрэгтэй. Илтгэлээ хэт чанга бас сул бус өнгөөр эхлэх нь зүйтэй. Мөн тэдэнтэй харцаараа харилцаа тогтоох нь танхимын уур амьсгалыг тооцоолоход ашигтай байх болно. Та илтгэлээ эхлүүлэхдээ дараах аргуудыг хэрэглэвэл тохиромжтой. Үүнд:
1. Тухайн нөхцөл байдалтай уялдуулан эхлэх Арга хэмжээ болж буй газар, цаг агаарын
байдал, тухайн өдрийн төлөвлөгөөнд орсон хамтарсан хоол, өмнөх илтгэгчийн ярьсан
зүйлтэй уялдуулах гэх мэтээр эхлэх
2. Хошин түүх, онигоо Илтгэлийн эхэнд хошин үг яриагаар эхлэх нь маш сайн үр дүнтэй аргуудын нэг бөгөөд маш сайн нарийн мэдрэмжтэй байх шаардлагатай. Хэрэв мэдэрч чадаагүй зүйл ярьж тэр нь танхимд сайхан сэтгэгдэл үлдээж чадахгүй бол таны илтгэл бараг л сөнөлөө л гэсэн үг.
3. Ишлэл татаж эхлэх Сайн эх сурвалжаас ишлэл татах нь боловсролтой сайн хүний шинжийг илэрхийлнэ. Ишлэлийг ардын уран цэцэн үг, эрдэмтдийн хэлсэн ишлэлээс татаж болно. Гэхдээ бусдад хүлээн зөвшөөрөгдөхүйц сайн ишлэл сонгоорой
4. Тухайн сэдэвтэй холбоотой өөрт болон таны танилд тохиолдсон жишээгээр эхлэх
Илтгэлийн оршил хэсэг нь маш чухал бөгөөд үндсэн хэсгээс дутахааргүй хугацааг зарцуулах хэрэгтэй. Гараа сайн бол бариа сайн.

Үндсэн хэсэг
Илтгэлийн үндсэн хэсэг нь таны илтгэлийн гол цөм байдаг. Илтгэлийн үндсэн хэсгийг бэлдэхдээ дараах зүйлсийг анхаарах хэрэгэтэй.
1. Ямар үндэслэлүүдийг гарган тавих
2. Ямар үндэслэл нь таны илтгэлд илүү тохиромжтой бас оновчтой байх
3. Үндэслэлүүдээ ямар дэс дараалалтайгаар тавих
4. Үндэслэлийн ямар хэлбэрийг сонгох.
Үндэслэл нь жишээ, судалгаа, тоо баримт байж болно. Илтгэгч хүн үндэслэлээ сонгохдоо дараах зүйлсийг анхаарах хэрэгтэй.
1. Миний сонсогчид ямар хүмүүс байх вэ?
2. Тэд энэ сэдвийн талаар юу мэдэх бол?
3. Тэд сонгон авсан сэдвийн талаар эерэг эсвэл сөрөг сэтгэгдлийн алинтай нь үлдэх бол?
Илтгэлийн үндсэн хэсэг нь сонсогчдод сонсох тусам улам сонирхол татахуйц сонирхолтой байх нь илүү үр дүнтэй байна. Иймээс илтгэлээ дараах асуулгаар тавьбал тохиромжтой.Үүнд:
1. Та энэ асуудлыг хэрхэн нээсэн
2. Асуудлыг шийдэх гарцыг олохгүй байсан тухай
3. Эцэст нь асуудлыг хэрхэн оновчтой шийдвэрлэж чадсан тухай
Үнэндээ сонсогчид сонирхолтой, адал явдалтай, адармаатай өгүүллэг сонсохоор ирцгээдэг. Тэдэнд хүссэнийг нь өгөх нь зүйтэй. Ингэж байж таны илтгэл амжилттай болно.
Илтгэл бүхэн өөрийн гэсэн оргил цагтай байдаг. Энэ нь хамгийн сонирхолтой хэсэг нь. Илтгэлийн оргил цэгүүд дараах байдалтай байж болно.
Үүнд:
1. Хамгийн үнэмшилтэй үндэслэл
2. Өдгөөг хүртэл нууцалж байсан санааг олон нийтэд гэнэтийн бэлэг мэт дэлгэх
3. Хямралын үед өөрийн байр суурийг оновчтойгоор илэрхийлэх
4. Сэтгэл хөдлөлөө илэрхийлсэн түр зуурын гацалт, дохио зангаа илэрхийлэх
5. Илтгэлийн хамгийн сонирхолтой түүх болон онигоог илтгэх
Илтгэлийг хэр үнэмшилтэй болгох нь оргил цагийн шийдэх асуудал.

Төгсгөл хэсэг
Аливаа илтгэлийн төгсгөл нь сонсогчдын ой тогтоолтод хамгийн их тогтоогддог хэсэг.
Тиймээс илтгэлийн төгсгөл сэтгэл хөдөлгөм эрч хүчтэй оргилуун байх ёстой. Утгын хувьд төгсгөл хэсэг нь илтгэлийн гол санааг агуулж байдаг учир түүнийг сонсогчдын хувьд ойлгогдох хамгийн боломжтой хэлбэрээр өгүүлэх нь тохиромжтой.
Төгсгөлийг тохиромжтой хийх хэд хэдэн арга байдаг. Үүнд:
1. Утгын хувьд илтгэлийн оршил хэсэгт уялдуулах.
2. Дүгнэлтийг гурван өөр сэдвийн хүрээнд хийх.
3. Учир шалтгаануудыг нэгэн үзүүрт зангидах
4. Өөрийн дэвшүүлсэн саналын хэд хэдэн хувилбарыг дэвшүүлэх
5. Бүх хүний эв санааны нэгдэл, нэгдсэн ойлголтонд тулгуурласан сэтгэл хөдлөм уриалга гаргах
6. Хамтран ажиллахыг шаардах
7. Харилцан буулт хийх саналуудыг гаргах
8. Ирээдүйг сайн сайхнаар төсөөлөх
9. Алиа хошин түүх ярих

Сэдэв: Илтгэл гэж юу вэ? Илтгэгч гэж хэн бэ?  
ОХУ-ын ерөнхий боловсролын сургуулийн 11-р ангид “Риторика” буюу илтгэх урлаг гэдэг хичээл оруулж эхлээд байгаа нь хvний хөгжилд энэ чадварыг чухалчилж байгаагийнх. АНУ-д дунд сургуулийн анги бvрт индэр байдаг бөгөөд сурагчдыг ямар нэгэн сэдвээр байнга яриулж, нөхөддөө, эцэг эхдээ, багш нартаа баярлаж талархаж байгааг нь хэлvvлж байдаг.
Илтгэгчийн vг хэл товч тодорхой, оновчтой байх ёстой. Ийм байх нь ойлгомжтой, сонирхолтой бас цаг хэмнэнэ. Бvтэн цаг vргэлжилсэн хэрнээ 20-иод минут л болсон юм шиг, эсрэгээр 10 гаруйхан минут болсон хэрнээ бvтэн цаг болсон юм шиг залхуутай санагдах хоёрын аль нь сонирхолтой, vр дvнтэй байх вэ? Товч цөөн vгээр ярина гэдэг нь хэрэгцээгvй vг, бvдэг утгаас зайлж чадаж байнаа л гэсэн vг. Юм юмны тухай мөртлөө юуны ч тухай биш яриа байдаг байна. Энэ нь сунжруу, нуршуу, утга санаа бvрхэг, барьцгvй юм ярьсан л гэсэн vг.
Илтгэгчийн дадлага, чадварын гол нь мэдлэгийн нөөц байдаг. Их зvйл уншсан судласан, практикт хэрэгжvvлдэг хvн л мэдлэгээр илvv байна. Ийм илтгэгчид хэдийнээ өөрийн гэсэн арга барилтай, имижтэй болчихсон байдаг. Харин янз бvрийн ажил мэргэжлийн анхлан илтгэгчдэд энд өгvvлж буй бvхнийг хvлээж байгаа юм. Илтгэгч бvх ярих юмаа бичгийн хэвэнд оруулж аван тvvнийгээ харж ярих юм бол сонсогчид хvлээж авахгvй. Эсвэл бас хэлэх vгээ бичсэн байдлаар нь уншихад ч мөн адил. Тиймээс илтгэлээ хэрхэн төлөвлөснөө танилцуулчихаад ярьж эхлэсэн нь дээр. Vгvй бол шууд ярьж болно. Ямар ч байдлаар байлаа гэсэн олны өмнө мэдлэгээ найруулан ярьж байгаагийн хувьд зохиогч болж, газар дээр нь мөн нэвтрvvлэгч болж байгаа хэрэг.
Тиймээс vгийг буруу хазгай хэлж ашиглах юм бол засч залруулах боломжгvй тул илтгэгчид маш их vvрэг хариуцлага тулгарч байдаг.
Илтгэл гэж юу вэ? Илтгэгч гэж хэн бэ?
Илтгэх урлаг гэдэг нь ярих урлаг бөгөөд зөв сайхан ярьж чаддаг байхыг чухалчилдаг. Илтгэл гэдэг нь хvн өөрийн санаа бодол, vзэл баримтлалаа зорилго чиглэлтэйгээр бусадтай харилцан солилцох арга хэрэгсэл юм. Илтгэх гэдэг нь зөвхөн шалгарсан улс төрчид, удирдах ажилтнуудад л хамаатай зvйл гэж олон хvн андуу бодож энэ чиглэлд өөрийгөө хөгжvvлэх тухайд боддоггvй, хаячихдаг.
Гарамгай илтгэгч болоход тус болох 10-н аргыг санал болгож байна:
1. Илтгэлээ дууссан гэж төсөөлөх хэрэгтэй
Яагаад энэхүү илтгэлийг тавьж байгаа билээ гэдгээ тодорхойл. Таны илтгэлийн зорилго юу вэ? Энэ мэдээллийг бусдад дамжуулснаар та ямар үр нөлөө гараасай гэж хүсч байна? Өөрөөр хэлбэл та илтгэлийнхээ үр дүн ямар байгаасай гэж хүсэж байна тэр үе ирсэн мэтээр төсөөлөн бод.
Энэ төсөөлөл нь таныг мэдээллээ сонсогчдод үр дүнтэй хүргэхэд тустай.

1. Хялбар тодорхой байлга
Бусдын анхаарлыг өөр дээрээ хандуулахаас илүүтэй ярьж мэдээллэж байгаа зүйлдээ бусдын анхаарлыг татах нь хамгийн гол нь.
Сэтгэгдэл төрүүлэх гэж хэт хичээх нь хэрэггүй.Илтгэл бэлтгэхдээ PowerPoint болон бусад программыг хэтрүүлж ашиглахаас зайлсхий. Ингэснээр магадгүй таны илтгэлийн ач холбогдолыг бууруулах, мөн хэт нуршсан мэдээлэл оруулснаар сонсож буй хүмүүсийг залхааж болох юм. Хүмүүсийг залхаахаас болгоомжил.
Мөн өөрийн ярианы хэв маягт анхааралхад илүүдэхгүй. Илтгэл эхлэл хэсэг, өрнөл, тайлбар жишээ бүхий гол хэсгүүд, төгсгөл хэсгийн яриаг өнгийг зөв тохируулах хэрэгтэй. Нэг хэвийн үргэлжилсэн темптэй яриа нь ямар нэгэн зааг ялгаагүй болж хүнийг амархан залхаадаг байна. Мөн орчны уур амьсгалыг соргог мэдэрч сонсогчидтойгоо харилцан ярилцаж тэдэнтэй илтгэлийн туршид холбоотой байхыг хичээгээрэй.
2. Бэлтгэл, бэлтгэл бас дахин бэлтгэл
Өөрийн илтгэлийг маш сайн бэлтгэлийн хүчинд та гартаа оруулах болно. Хэрхэн бэлдэх вэ гэж үү?... Юуны өмнө илтгэлээ 2-3 удаа өөртөө зориулаад нэг уншаад үз. Энэ нь илтгэлийн хамгийн ээдрээтэй хүнд хэсгүүд дээр бэлтгэл хийхэд тус болно.
Та тольны өмнө эсвэл камерт өөрийнхөө илтгэж буй байдлаа бичиж үзэх, ойр дотны зөвлөгөө өгөх хүмүүсд илтгэж үзүүлэх гэх мэт бэлтгэл хий маш олон арга байна.
Бэлдэх орчин илтгэл тавих орчинтой ойролцоо байх тусам сайн. Жишээлбэл: Хэрвээ та индэр дээрээс илтгэл тавих бол бэлтгэл хийхдээ ямар нэгэн тайзан дээр хийвэл илүү үр дүнтэй байх болно. Ямар ч мундаг хүн байлаа олон хүний урд илтгэхийн өмнө заавал бэлдэх хэрэгтэй. Үүний тулд илтгэлийн байранд ирж орчинтойгоо танилцах, танхимд хэрхэн орж ирэх, хүмүүстэй хэрхэн мэндлэх зэрэгээ төлөвлөх шаардлагатай.
3. Амжилтаа төсөөлөн бодох
Илтгэлийн өмнөх өдөр унтахын урьд та өөрийн бэлдсэн илтгэлээ амжилттай тавьсан мэт төсөөлөн бодох нь чухал юм. Үүний тулд маш олон мэдрэхүйгээ ашиглах хэрэг гарна.
Иймээс өөртөө итгэлтэй илтгэгч болохын тулд та илтгэлээ амжилттай болно гэдэгт итгэн түүнийгээ төсөөлөн бодох хэрэгтэй.
4. Бага багаар ахиад бай
Аврага зүйл нь дотроо жижиг зүйлсийг агуулж байдаг. Жишээ нь та аварга том талхыг идэхээр бол яах вэ? Мэдээж хэдэн хэсэгт хувааж байж идэх нь тодорхой. Үүний адилаар хэрэв та тодорхой бүлгийн өмнө илтгэл тавих шаардлага гарсан бол тухайн бүлгийн хүмүүсийг хэсэг хэсгээр нь өөртөө татах хэрэгтэй. Тухайн бүлгийг хувь хүн болон бусад талаас нь хуваан өөртөө татах хэрэгтэй.
Тэдэнтэй аль болох найрсаг нээлттэй харилцаж урд талын эгнээнд буюу өөрт хамгийн ойр суулгаснаар танд амар байх болно. Учир нь нөхөрсөг нээлттэй байдал нь урам дэм бэлэглэдэг байна. Харин ингэхийн тулд:
• Таны нүдэнд дулаахан туссан өөдрөг үзэлтэй, таныг мэдэх хүмүүстэй эхний ээлжинд гар барин мэндэлж тэднийг цаг зав гарган ирсэнд нь талархах хэрэгтэй.
• Хүмүүс ихэнхдээ таалагдсан, хүлээн зөвшөөрсөн үедээ нөхөрсөгөөр инээмсэглэх, толгой дохидог. Энэ нь таныг илтгэлээ эхлэх дохио юм. Нүүрэндээ инээмсэглэл дүүрэн хүмүүс таны илтгэлийг хүлээгээд сууж байна.
Бас нэгэн зүйлийг анхааруулахад илтгэл тавих нь таны хэрэглээ сонирхол бус харин сонсогчдын хэрэгцээ сонирхол гэдгийг мартаж болохгүй. Ингээд алхам алхамаар урагшлаад бай!
5. Эхлэх гэж байгаагаа мэдэгдэх
Эхлэл хэсэг нь сонсогчид таныг цаашид үргэлжлүүлэн анхаарч сонсох эсэхийг шийддэг. Тиймээс таны эхлэл маш тодорхой оновчтой байх ёстой.
Нэгэнт ингэж эхэлсэн бол та эрч хүчийг мэдэрч таны дараагийн ярих зүйл аяндаа ундрах болно.
6. Төгсгөх гэж байгаагаа мэдэгдэх
Энэ нь таны хүргэж буй мэдээллийг хүмүүс хүлээн авах сүүлийн хэсэг юм. Та магадгүй гайхамшигтай эхлэл, өрнөлтэй илтгэл тавьж чадсан ч төгсгөлөө тааруухан хийхэд үзэгч сонсогч олон таныг үргэлж төгсгөлөөр тань санаж явах болно. Төгсгөлөө тодорхой байлга.
Бусдын санал сэтгэгдлийг асуу.
7. Мартсан тохиолдолд нэмэлт аргатай байх
Хэрэв та хэлэх гэж байгаа зүйлээ мартсан эсвэл илтгэлийн явцад самуурсан бол дараах аргыг хэрэглээд үзээрэй:
• Ярихаа зогсоо. 2 алхам ухар, гүнзгий амьсгаа ав, ухаан санаагаа төвлөрүүл, инээмсэглэ. Буцаж урагш 2 алхан эргээд илтгэлдээ орж болох юм.
• Сүүлд хэлсэн өгүүлбэрээ нэг давтаад үз.(цаг хож) Ингэснээр дараагийн хэсэгт юу ярихыг санахад тус болдог.
• Хэрвээ та бүр ор тас мартсан тохиолдолд сонсогчдоос сүүлийн өгүүлбэрийг асууж болох юм. Аль эсвэл гараар тараах материал өгсөн бол үзэгчдээс “бидний дараагийн хэсэг юу билээ?” гэх мэт асуулт тавьж болох юм. Энэ хэсэгт таньд тус болох хүн хэр олон болохыг та мэдээд гайхна гэдэгт эргэлзэх юм алга. Энэ бүхэн бодлыг тань төвлөрүүлж, цаг хожин мөн сонсогчидтой харилцан холбоотой байхад туслах болно.
Анхааруулга : Өөрийн ярианы өчүүхэн хэсгийг мартсан тохиолдолд хэзээ ч “битгий уучлалт гуйж бай”, хоромхон зуур зогсолт хийн юу ч болоогүй мэт дүр эсгэн цааш илтгэлээ үргэлжүүлэх хэрэгтэй.
8. Түгшсэн байдалаа өөрийн давуу тал болгох
Магадгүй та итгэхгүй ч байж болох ч мэргэжлийн болон мэргэжлийн бус ямар ч илтгэгч бүгд л илтгэлийн үед үргэлж түгшсэн байдалтай байдаг.
Тэд үүнийгээ өөрийн биедээ эерэг энерги болгон ашиглаж давуу талаа болгож чаддаг байна.
9. Сэтгэлээр өөдрөг бай
Таны илтгэлийг сонссондоо баяртай байгаа хүмүүсийг хараад өөдрөг байх хэрэгтэй.
• Таны хэлсэн үг бүр сонсогчдод чухал гэдгийг санаж яв
• Илтгэл тавих боломж бүр таны амжилтанд хүрэх боломж юм
• Илтгэх тусам таны ур чадвар нэмэгдсээр байх болно
• Илтгэл тавихгүй байснаар таньд олдохгүй тэр олон боломжийг энэ удаагийн илтгэл танд нээж өгч байна
. Дараагийн удаа та олны өмнө илтгэхдээ эдгээр техникийг ашиглаасай гэж хүсье. Учир нь тэр үед илтгэл тавих нь таны хувьд дуртай зүйл чинь болсон байна гэж бодож байна.
Сэдэв: Соронзон мэт татах хүчтэй УРАН ИЛТГЭГЧ болох 12 алхам

 Сайн танилцуулга таны дотнын туслагч болно. Гэхдээ л хүмүүст ямар сэтгэгдэл төрүүлж, санаагаа зөв ойлгуулах эсэх тань зөвхөн танаас шалтгаална. Иймээс уран илтгэгч болоход тань туслах 12 алхмыг хүргэж байна.
Хэлсэн ярьсан үгс нь удаан хугацааны дараа ч гэсэн чихэнд сонсогдох шиг болдог уран илтгэгчдийн талаар та сонсож, тэдний илтгэлийг нүдээр үзэж, чихээр сонсож байсан биз дээ. Уран илтгэгч хүний ярьж байгааг сонсож байгаа хүмүүс юуны түрүүнд аз жаргалтай байх ёстой. Уран илтгэгч хүн таны тархийг өөрийн үзэмжээр удирдаж, таны бодол санааг нэвт шувт мэдэж байдаг.
Уран илтгэх урлагийг англи хэлэнд Charisma гэдэг. Үүнийг "Оюун санааны онцгой хүч чадал, хувь хүнд нөлөөлөх чадвар, олноор цугларсан хүмүүсийг удирдах чадвар" гэж тодорхойлсон байдаг. Charismatic буюу уран илтгэгч хүн хамгийн сонирхолтой оргил үе дээрээ зогсох хандлагатай байдаг. Эсвэл төгсгөлийг маш уран сайхан хийдэг. Өөрөөр хэлбэл түүнийг дараачийн удаад дуртайяа сонсохоор тийм л нөхцөл байдлыг үүсгэдэг.
ЧАДВАР 1:
Уран илтгэгч нь өөртөө бат итгэлтэй байдаг. Тэд хэзээ ч бухимдуу юм уу, зовиуртай харагддаггүй.
Энэ чадварыг эзэмших 2 арга зам бий. Энэ бол гаднаасаа, дотроосоо юм. Гаднаасаа чадварыг олон дахин ярих замаар олж авна. Маш их ярих тусам чамд өөртөө итгэх итгэл хар аяндаа бий болно. Тэр тусмаа нэгэн сэдвээр олон дахин илтгэл тавих нь маш сайн дасгал болдог. Хэрвээ чи тухайн сэдвээр 5-аас олон удаа ярилцлага хийж, илтгэл тавих аваас тухайн сэдвээрээ маш сайн мэдлэгтэй болж тэр хирээр туршлага, дадлага олж авна. Ер нь сайн бэлтгэлтэй байвал ямар ч нөхцөл байдал бий боллоо гэсэн барьц алдахгүй. Сүүлд нь хэлэхэд өөрийнхөө өсөж дэвжиж байгааг байнга мэдэр. Өөртөө урам өг. Бүр болохгүй бол хамгийн дотно, танил нөхдийн хүрээнд танилцуулга, илтгэл тавигтун. Илтгэлдээ бэлтгэж орж ирж байгаа хүн бүрийг хаалган дээр угтан жижиг ч болтугай хувийн харилцаа үүсгэхийг хичээ. Ингэвэл илүү тохиромжтой, тухтай, итгэлтэй байх болно.
Харин итгэлтэй байхад дотроосоо суралцах нь тийм ч амар биш. Эсвэл бүр хялбархан ч байж болно. Бухимдах, цухалдах, тайван бус байх бүхий л сэтгэл зүйн хүчин зүйлсийг авч хаяхыг хичээ. Дарамт шахалт, сэтгэл зүйн тавгүй байдлаас гарах зарим зөвлөмжүүдийг унш.
ЧАДВАР 2:
Уран илтгэгч нар нь зугаатай хүмүүс байдаг бөгөөд тоглоом шоглоом хийх, хошигнох, элэглэх, инээмсэглэхээс хэзээ ч татгалздаггүй. Илтгэлээ тавихын өмнө, тавьж байхдаа сэдвийнхээ хошин талыг байнга бодогтун. Илтгэлийг хэт нүсэр тавих хэрэггүй байдаг, харин заримдаа хөнгөн хэлбэртэй байвал их зүгээр. Боломжоороо хошин шог хэлбэр, үг хэллэг оруулбал их сайн. Ер нь инээж чаддаг хүн бусдад их сайхан сэтгэгдэл төрүүлдэг.
ЧАДВАР 3:
Уран илтгэгч бол хүчирхэг бас идэвхтэй байдаг. Чимээгүй, уйтгартай хүн хэзээ ч юм зарж чаддаггүй. Хэрвээ зогсож байгаа бол бүтэн алхахгүйгээр байнга биеэрээ хөдөл. Нэг хэвийн хоолойны өнгөөр хэзээ ч ЯРЬЖ БОЛОХГҮЙ. Нэг хэвийн гоншигносон дуу хүний нойрыг хамгийн их хүргэдэг. Хоолойнхоо өнгийг сэдвийнхээ дагуу өндөр нам болго. Хүний хоолойны шинжийг pitch, tone, volume гэсэн 3-н үзүүлэлтээр илэрхийлнэ. (Авиа тон, хөг аялгуу, чанга сул)
ЧАДВАР 4:
Уран илтгэгч хүн тухайн сэдвээ сайн мэддэг. Мэдээж, сайн мэдэхгүй юмаа ярина гэдэг бол хэцүү, бараг бүтэшгүй зүйл юм. Иймээс илтгэл тавихын өмнө тухайн сэдвээ аль болох судалж олон талаас нь мэдэж авах хэрэгтэй. Чиний ярих гэж байгаа бүтээгдэхүүн, үйлчилгээ, сэдвийн чинь түүх нь ямаршуухан бэ? Ер нь ямар ч илтгэл дээр түүхийг заавал мэдэж байх ёстой байдаг. Аль болох өргөн хэмжээнд мэдлэгтэй байвал чиний илтгэл үр дүнтэй болох магадлал маш өндөр билээ.
ЧАДВАР 5:
Уран илтгэгч нар хэзээд нүдэнд дулаахан, аятайхан харагддаг. Аятайхан харагдах гэдэг бол сонирхолтой ойлголт юм. Хүн дотроосоо болон гаднаасаа давхар аятайхан харагдаж байж сая нийлбэрээрээ аятайхан харагдана. Гаднаасаа гэхээр чиний өмссөн хувцас хиргүй, биед чинь эвтэйхэн зохисон, хэт содон биш байх ёстой. Бас заавал анхаарах зүйлс бол үсээ сайхан засуулсан, гутал чинь гялалзаж байх ёстой. Харин дотроосоо гэхээр чи өөрийн сэтгэл санааг аль болох хөнгөн, дарамтгүй байлгах явдал юм. Чиний царай цаанаасаа л нэг унжгар, баргар байвал бүх юм бүтэлгүйтнэ. Илтгэлдээ орохын өмнө бол илтгэлээ тавьж байхдаа аль болох сайн сайхан зүйлсийг бодож, өөрийгөө цэнэглээрэй.
ЧАДВАР 6:
Уран илтгэгч нар түгдрэлгүйгээр, бүтэн өгүүлбэрээр, зөв найруулгатайгаар ярьдаг. Тэд хэзээ ч "за", "одоо", "юу" гэх мэтийн сул үгсийг хэрэглэдэггүй. Шуудхан хэлбэл тэд найруулан ярихдаа гарамгай байдаг.. Гэхдээ юуны өмнө эх хэлээ сайн мэддэг, бичгийн найруулга, ярианы найруулгын талаар мэдлэгтэй, түүнийг хэрэглэж сурсан байх ёстой.
Юуны өмнө залхуурахгүйгээр практик хий. Өөрийн хэлсэн ярьсан бүхнээ бичиж аваад дахин дахин сонс. Хаана алдаа гаргаж, найруулгаа яаж засмаар байгаагаа ол. Хэрвээ камераар видео бичлэг хийвэл бүр л сайн, гэвч жирийн кассетын бичлэг байсан ч болно. Ер нь хүн камерын өмнө зогсож нүүр хагарах явдал их чухал байдаг. Та ичээд байдаг бол ганцаараа хэдэн мянган удаа ч өөрийгөө авч болно шүү дээ. Ингэсний дараа та үнэхээр илт сайжрах болно. Бэлтгэл хийх тусам таны яриа зөөлөн тогтвортой, эмх цэгцтэй болж ирнэ.
ЧАДВАР 7:
Уран илтгэгч нар тухайн сэдвээрээ өөрийн гэсэн үзэл бодолтой байдаг. Түүнчлэн сонсогч нарынхаа сэтгэлийн хөдөлгөөн, баяр бахдал эсвэл эсрэгээр буруушааж зэмлэж байгааг мэдрэх болно.
Чамд ярьж байгаа сэдвийнхээ талаар ямар нэгэн үзэл бодол байгаа гэж найдаж байна. Тэр үзэл бодолдоо хэр тууштай байгаа вэ? Ер нь ямар нэгэн бүтээгдэхүүн, үйлчилгээг хүмүүст санал болгож байгаа тохиолдолд тэднийг ятган үнэмшүүлэх ямагт хэцүү байдаг. Энэ үед чиний өөрийн чинь итгэл үнэмшил ихээхэн түлхэц өгөх ёстой. Чи өөрөө эргэлзээд байгаа бол яаж бусдыг итгүүлж араасаа дагуулах вэ дээ!
ЧАДВАР 8:
Уран илтгэгч нар тухайн сэдвээ өргөжүүлэх, дэлгэрүүлэх, чиглүүлэх, үнэмшүүлэх гоц чадвартай байдаг.
Жишээ нь: бүтээгдэхүүн санал болгосон илтгэл тавьж байгаа бол зөвхөн бүтээгдэхүүнийхээ тухай ярьж болохгүй. Дээрээс нь маш олон зүйлийг товч ч болтугай ярих ёстой. Бүтээгдэхүүн таны амьдралыг хэрхэн өөрчлөх, та худалдан авснаар ямар давуу талыг эдлэх, аз жаргалтай амьдрахад тань тухайн бүтээгдэхүүн хэрхэн, яагаад туслах тухай ярь. Бусад хүмүүс ямар учраас худалдан авдаг тэр нь улс орон, хувь хүнд хэрхэн ач тусаа өгдөг зэргийг хүмүүс маш их сонирхдог. Даанч харамсалтай нь ихэнх илтгэгч нар энэ талаар огт ярьдаггүй. Тухайн бүтээгдэхүүн олон зуун жилийн өмнө байсан эсэх, ямар зам туулсаар өнөөгийн байдалд ирсэн, цаашдаа ямар хөгжил дэвшил хүлээж байгаа зэргийг уран сайхнаар ярих аваас сонсогч нарт маш их таалагдана. Жишээ нь цаас зарж байгаа бол хэн хэрхэн модноос анх цаасыг гаргаж авсан, цаас өнөөгийн хүний нийгэмд ямар том байр суурь эзэлж байгааг эргэлзэхгүйгээр ярих хэрэгтэй.
Тухайлбал 00-ын өрөөний зөөлөн цаас зарах гэж байгаа бол түүнийг анх 1880 онд Brithsh Perforated Paper компани анх нээж үйлдвэрлэснийг заавал дурдах хэрэгтэй. Харин бичгийн цаасыг Цай Лун хэмээх Хятадын эзэн хаан манай эриний 105 онд нээснийг хэлэх нь зүйтэй болов уу. Гэвч бүүр манай эриний өмнөх 200 онд загасны торыг ашиглан цаасыг үйлдвэрлэж байсан гэсэн баримт саяхан олдсон тухай дурдвал бүр сайн. Бараг 500-аад жилийн турш зөвхөн Хятадад цаасыг ашиглаж байсан бол манай эриний 610 оны хавьцаа Япон руу дэлгэрсэн бол 800 онд Египет, харин 10-р зуунд Европт хэрэглэж эхэлжээ. Эртний Египетэд хэрэглэж байсан цаас нь одоогийн цаастай огт адилгүй, муутуу маягийн юм байсныг нэмж дурдагтун.
Цаасны анхны хэрэглээ нь Төр Засгийн гаргасан хууль тогтоомж, зарлигийг бичих, худалдаачид гэрээ хэлцлээ баталгаажуулах явдал байв. Түүнчлэн шашны сургаал, судар номыг бүтээхэд ашиглагддаг байсан. Иймээс цаас гарсан явдал нь хүн төрөлхтний нийгэмд өгүүлж баршгүй тус нэмрээ өгсөн болох нь тодорхой гэж нэмж хэлээрэй.
Ингэж дэлгэрүүлж ярих үед хүмүүс танай бүтээгдэхүүний тухай муу юм бодож амждаггүй. Яагаад гэвэл та ангайтал маш сонирхолтой түүх яриад байна шүү дээ. Та тэдний нүдэнд энэ бүх зүйлийг өөрөө хийчихсэн юм шиг санагдах болно.
ЧАДВАР 9:
Уран илтгэгч хүн бүх сонсогч нартайгаа холбоотой байдаг. Хэрвээ та илтгэл тавьж байхдаа зөвхөн нэг эсвэл хэсэг хүн рүү хандаж яриад байгаа бол мөн ч түүхий байна даа. Танхимын үлдсэн хэсэг яах болж байна! Иймээс хүн бүртэй ямар нэг байдлаар холбоо тогтоож, энэ харилцаагаа үргэлж амьд байлга. Харилцаа тогтоох үндсэн хэрэгслүүд бол нүд, дохио, биеийн хөдөлгөөн, гар, сэтгэлийн хөдөлгөөн зэрэг юм. Тэр тусмаа нүдний харьцаа бол хамгаас чухал.
Томоохон танхимыг хэсэг хэсгээр нь хуваагаад түүгээрээ нүдээрээ дахин дахин тэнүүчил. Дороо байнга хөдөл, гараа ашигла. Та заалны баруун тийш хандан гараараа занган ярихад л тэр тал амьд болж ирнэ. Хэрвээ боломж байвал бүр алхан хүмүүст ойртон, дундуур нь явсан ч болно. Харин индэр, ширээний ард үргэлж нуугдах хамгийн муу арга болой.
Харин жижиг өрөөнд бол үргэлж цаас эсвэл үзүүлэн гарч байгаа хана руу ширтээд байж болохгүй. Оролцогч хүмүүс рүү ялгалгүйгээр харц тулгар. Бас гараа ашигла, инээмсэглэ, урагшаа бөхий, ойрт. Ингээд л таны илтгэл амьд сонирхолтой болж ирнэ.
ЧАДВАР 10:
Уран илтгэгч нар ирээдүйдээ итгэлтэй, хөгжилтэй, нийтэч байдаг. Бараг бүх хүмүүс сөрөг, муу зүйл сонсох дургүй байдаг. Харин тэрний оронд шийдлийг нь сонсох тун дуртай. Одоогийн байр байдал нилээд муухан сөрөг байгааг нотлоод харин хурдхан шиг түүнийг шийдэх аргачлал руу орох хэрэгтэй. Ер нь аливаа асуудал дээр нааштай талаас нь яривал их зүгээр. Тэр тусмаа ирээдүйг сайн сайхнаар харж яривал илтгэл амжилттай болоход асар тустай. Тэр тусмаа төгсгөлийг заавал сайн сайхнаар дуусгаарай.
ЧАДВАР 11:
Уран илтгэгч нар нарийн зохион байгуулалттай. Тэдний ярианы сэдвүүд тодорхой нэгээс нөгөө рүү мэдэгдэмгүйгээр шилжиж байдаг. Тэдний эхлэл, төгсгөл нь тодорхой, ойлгомжтойгоос гадна хэлэх гэсэн санаагаа цагтаа болон орон зайдаа бүрэн багтаадаг.
Хэрвээ та илтгэлийнхээ төгсгөлд "уул нь цаг байсан бол илүү их зүйл ярих байлаа. даанч цаг хүрсэнгүй, эсвэл дараа дахин үргэлжлүүлье" гэх мэтийн өгүүлбэр хэлдэг бол та уруудах замдаа орж байгаа илтгэгч юм байна. Орчин үед завтай бөгөөд таныг тэгээд л дахин дахин сонсохоор ирж байдаг сонсогч бараг л байхгүй дээ. Иймээс олдсон завшааныг ашиглан дахин хэзээ ч тааралдахгүй юм шиг л сонсогч хүндээ анхаарал халамж тавих хэрэгтэй. Илтгэлийнхээ өмнө цагтаа хуваарилан бүдүүвч ноорог хий. Энэ бол сэдвүүдээ цагтаа хуваах, өөрөө өөрийгөө удирдахад маш тустай. Дор дээр үед хэрэгждэг байсан худалдааны үзүүлэнгийн стандарт байна:
  • Илтгэлийнхээ нээлтийг хийх
  • Сэдвээ нийтэд нь авч үзэх (өмнөтгөл)
  • Худалдан авагчид юу хэрэгтэй болох
  • Та хэрэглэгчийн шаардлагыг хэрхэн хангаж чадах
  • Хэрэглэгч шаардлагатай зүйлээ худалдаж авах нарийвчилсан алхмууд
  • Төгсгөлийн үг (дүгнэлт)
Ингээд харахаар л таны бэлтгэх үзүүлэнгийн материал, ноорог бараг харагдаж байгаа биз дээ? Томоохон илтгэл дээр хэсэг бүрийг дахин цааш нь задална шүү дээ. Хичнээн сайн зохион байгуулна танд илтгэл тавихад төдий чинээ хялбар байх болно.
ЧАДВАР 12:
Уран илтгэгч хүн ухаалаг, үнэнч шударга, зөв арга барилтай, тэвчээртэй, цэвэр ариун, хариуцлагатай байдаг.
Таныг яриаг олон хүн чагнана. Ёс суртахуунгүй, хүмүүжил муутай хүн олон хүний өмнө гарч бусдад нөлөөлж чадна гэдэг бол юу л бол. Иймээс таны илтгэл амжилт муутай болоод байгаа бол эцсийн шалтгаан нь энэ ч юм билүү. Хэрвээ та нийгэм, шашин, байгаль ертөнцийн тухай буруу ойлголттой байдаг бол ихэнх хүмүүстэй зөрчилдөх болно.

 





No comments:

Post a Comment