Үндсэн цэс

Нүүр хуудас | Лекц | Блог гэж юу вэ Лекц | Хичээл | Холбоос | Холбоо барих

Sunday, April 13, 2014

"Шинэ зууны багшийн чадамж" эрдэм шинжилгээний хурал



Илтгэлийн сэдэв: “Багшийн судалгааны чадамжид дүн шинжилгээ хийх нь”
Илтгэгч: МУБИС-ийн Ерөнхий эрдмийн тэнхимийн түүх нийгмийн багш Ч.Бадамсүрэн / магистр /
Хураангуй
Багш мэргэжлийг эзэмшсэн хэн бүхэн сурган хүмүүжүүлэх арга ухаан, сурагчдыг судалж оношлох арга зүй, багшийн эзэмшвэл зохих эв дүй, ур чадвар, мэдээлэл холбооны технологийг ашиглах ба харилцааны өндөр ур чадварыг эзэмшсэн байх  зэрэг олон чадваруудыг судлаачдын тодорхойлон гаргасныг харьцуулан судаллаа.  Шинэ зууны багш нар хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх, хүн болгож төлөвшүүлэхэд сурагч нэг бүрийг судалж оношлон сургалтын үйл ажиллагаагаа үр дүнтэйгээр төлөвлөн хэрэгжүүлбэл хүүхэд нэг бүр хөгжинө гэж үзэж байна. Ийм учир өнөөгийн багшийн судалгааны чадамжын цар хүрээг тодорхойлж, цаашид хэрхэн сайжруулах арга замыг тодорхойлохыг зорилоо.

Түлхүүр үг:
Багшийн чадамж, чадвар, судалгааны чадамж,
Үндэслэл:
Судалгааны суурь чадамжыг багш мэргэжлээр суралцаж буй хугацаандаа эзэмшиж, дадлага хийж буй үедээ туршин өөрийн болгон гаршуулж, өөрийгөө,  хүүхдээ, хичээлээ, сургалт хүмүүжлийн үйл ажиллагаагаа судлан шинжлэн, багш-судлаач байр сууринаас хандах нь сургалтыг чанартай, өгөөжтэй, хүртээмжтэй болгон хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд чухал үүрэгтэй. Орчин үеийн багш нар хүүхэд нэг бүрийг хөгжүүлэхэд сурагчаа судлах,  үйлийн судалгаа хийх, судалгаат хичээлийг зохион байгуулах хэрэгцээ шаардлага ЕБС болон их дээд сургуулийн багш нарт гарч байгаа нь уг илтгэлийг бичих үндэслэл болсон.   
Илтгэлийн зорилго: Шинэ зууны багшид тавигдах суурь чадамжуудыг тодорхойлж, багшийн судалгааны чадамжын өнөөгийн төлөв байдлыг судлах
Илтгэлийн зорилт:
Асуулга боловсруулан багшийн судалгааны чадамжыг илрүүлэх
Үр дүнг нэгтгэн цаашид хөгжүүлэх боломжуудыг тодорхойлох
1.1 Багшийн эзэмшвэл зохих чадварууд
Багш гэж хэн бэ? гэсэн ерөнхий ойлголтын талаар Монголын ард түмэн эртнээс судлан шинжлэн ирсэн байдаг. Эртнээс монголчууд эрдэм мэдлэгтэй хүнийг дээдлэн ”Багш” хэмээн хүндлэн ирсэн. Багш нь хүнийг хүн болгож, хүнийг хүншүүлэн эрдэм номд сургаж, хүмүүжлийн арга ухаанаар хүнийг төлөвшүүлж ирсэн байна. Тийм ч учраас Багш, шавийн ёсыг нарийн тогтоож эрхэмлэн иржээ.
Эртнээс Монголчууд багшийн эрдмийг тодорхойлохдоо:
ü  Номхон (өөрийн сэтгэлийг номхотгосон хийгээд бусдын сэтгэлийг номхотгож чаддаг)
ü  Амарлингуй (сайн, муу үйлийн үрийг ухааран, сэтгэлээ амирлуулан барьж чаддаг)
ü  Үнэн утгыг шинжлэхүй (авах, гээхийн ёсонд мэргэжсэн байх)
ü  Эшээр баян (эрдмийг номлохдоо агуу ихээр ухаарч чаддаг)
ü  Номоос үрийг олох (гол ба гол бусыг ялгах)
ü  Эрдмээр үлэмж (өөрийнхөө мэдлэг, чадварыг ямагт сэлбэх буюу эрдмээр баян байх)
ü  Өгүүлэхэд мэргэн (ном заах, сургахад чадварлаг бөгөөд мэргэжсэн, заах зүйлээ ойлгуулах, ярьж хэлэх нь оновчтой )
ü  Нигүүлсэнгүй (эд хөрөнгө, хүндлэл, нэр төр тэргүүтнийг бодолгүй, зөвхөн шавьдаа туслах энэрэнгүй сэтгэлээр ном заах)
ü  Хичээнгүй (хүүхдийн болон бусдын хэрэгцээ, сонирхлыг чухалчлан, зүтгэл гаргах)
ü  Уйсах алжаахыг тэвчсэн (ном заахдаа шантрахгүй байх)[1] Энэхүү багшийн 10 эрдэм нь багшийн хөгжлийн шалгуур үзүүлэлт байсан төдийгүй өнөөгийн хөгжсөн багшийн эзэмших ур ухааны тогтолцоо мөн юм.[2]

Дээрх шинжүүдийг багшийн чадвар, чадавхи гэж ойлгож болох юм. Харин улс орон бүрийн судлаач эрдэмтэд багш гэж хэн бэ? гэдгийн янз бүрээр тодорхойлсон байдаг. Шведийн нэрт сурган хүмүүжүүлэгч И.Г.Песталоцци: “Хүүхдийн цэцэрлэгч”, Францын соён гэгээрүүлэгч Ж.Ж.Руссо: “Муу нөлөөнөөс хүүхдийг хамгаалагч, манаач”, Оросын эрдэмтэн П.П.Блонский: “Хүн судлалын инженер”гэж үзсэн байдаг.
XX зууны төгсгөлөөс XXI зууны энэ үед шинжлэх ухаан техник технологи асар хурдацтай хөгжиж ирлээ. Эрдэмтэдийн тооцоолсноор сүүлийн хэдхэн жилийн дотор мэдээллийн хурд 1,5-аас  2 дахин нэмэгдсэн гэж үзсэн байна.
Шинэ зууны багш нь:
·         Цахим орчныг сургалт болон мэдлэг бүтээх, түгээхэд ашиглах бүрэн чадамжтай байх
·         Судлаач байх шаардлагын үүднээс дотоодын болон олон улсын боловсролын чиг хандлага үзэл баримтлалыг судлах, ном зохиол болон судалгаа шинжилгээний илтгэл, өгүүллэг судлах
·         Хэлний чадвараа хөгжүүлэн гадаад хэлийг сурах, эзэмших түүнд дээрээ тулгуурлан мэргэжлийн цар хүрээгээ тэлэх
·         Хамтын ажиллагааг дээшлүүлэх үүднээс олон улсын болон дотоодын судлаач нартай хамтран ажиллах туршлага судлах, төсөл хөтөлбөрт оролцох
·         Харилцааны өндөр чадвартай байх бөгөөд ардчилсан үзэл баримтлалд тулгуурлан харилцах
·         Мэдлэгийг бодит байдалтай холбох, шинжлэх ухаанч байх
·         Хүүхэд нэг бүрийн онцлогийг тооцоолон судлаж, тэдэнд олон талын чадвар эзэмшүүлэх зэрэг шаардлага гарч байна.
Эдгээр нь багшид байх чадварууд бөгөөд чадавх, чадамж гэсэн ойлголтыг багш өөртөө эзэмшүүлж байж орчин үеийн нийгмийн шаардлагыг хангах болж байна.
1.2 Орчин үеийн багшийн чадамжууд
Чадамж гэж юу вэ? ãэдгийг эрдэмтэн судлаачид дараах байдлаар тодорхойлсон байна.

1.       Судалгааны чадамж[3]
ü  Цаг хугацааны болон сонирхлын бүлгүүдийн боловсролжих хэрэгцээний хувьсал, өөрчлөлтийг мэдэрч, түүнд дасан зохицох чадвар
ü  Мэдээллийг цуглуулах, боловсруулах, бүтээлчээр хэрэглэх, солилцох, хөгжүүлэх баяжуулах чадвар
ü  Үйл явцын судалгаа хийх чадвар
ü  Судалгаа хийх, судалгааны үр дүнг сургалтад хэрэглэх чадвар
ü  Баримт бичиг, сургалтын материал, хэрэглэгдэхүүн боловсруулах, бүтээх, хэрэглэх, өөрийгөө хөгжүүлэх чадвар
ü  Өөрчлөлт шинэчлэлийг мэдрэх, хүлээн авах, бүтээлчээр хэрэгжүүлэх чадвар

2.       Багшийн харилцааны чадамж[4]
ü  Дээд боловсролын бакалавраас доошгүй түвшний нийгэм, хүмүүнлэг, байгалийн ухааны болон техник технологийн бичиг үсгийн боловсролын чадавхи, бүтээлч чадвар
ü  Эх хэлний ярих, бичих чадвар
ü  Мэргэжлийн чиглэлээр англи болон өөр нэгээс доошгүй гадаад хэлээр бусадтай харилцах чадвар
ü  Мэдээлэл харилцааны технологийг сурах-сургах үйл явцад хэрэглэх, түүнийг ашиглан бусадтай харилцах чадвар
ü  Харилцааны соёл, эв дүй
ü  Суралцагч, бусад багш нар, сургуулийн удирдлага, эцэг эх, олон нийтийг сонсдог, дэмждэг, тусалдаг, зөвлөдөг, хамтран ажилладаг, тэднийг өөртөө татдаг, тэднээс суралцдаг чадвар


[1] Иргэний боловсрл сургалтын стандарт
[2] Түмэндэмбэрэл.Д, Оюун.Ц. Багшийн хөгжил.УБ.,2005.тал-23
[3] Жадамбаа.Б, Батсуур.Ц, Пүрэв-Очир.Б, Пүрэвдорж.Д. Багш боловсролын ирээдүй. УБ.,2005, тал-30
[4] Жадамбаа.Б, Батсуур.Ц, Пүрэв-Очир.Б, Пүрэвдорж.Д. Багш боловсролын ирээдүй. УБ.,2005, тал-31

1.       Сурах-сургах чадамж[1]
ü  Сурах арга барил ба чадвар
ü  Багш бэлтгэх үе шатанд олж авсан мэдлэг, чадвар, хувь хүний чанараа аль болох богино хугацаанд сурган хүмүүжүүлэх ухааны ололт болгон өөрийгөө тасралтгүй хөгжүүлэх чадавхи
ü  Сургах-сурах үйл явц, хүний хөгжил төлөвшлийн болон сургуулийн хөгжлийн талаархи онол, практикийн зохих чадавхи
ü  Хүний үнэт зүйлийн интеграцит түшиглэсэн сурах-сургах арга барил, эв дүй, ур чадвар
ü  Тасралтгүй сурах, хөгжих, мэдээллийн эх үүсгүүрийг олж авах, хэрэглэх, бүтээлчээр ажиллах, шинийг санаачлах, шинийг бүтээх чадавхи, чадвар
ü  Бусадтай хамтран мэдлэг бүтээх чадавхи
ü  Асуудлыг бодитой, логиктой, шудрага, зарчимч, оновчтой тодорхойлон шийдвэрлэдэг чадвар
2.       Хувь хүний чадамж[2]
ü  Эрүүл мэндийн чадавхи, чадвар
ü  Иргэншлийн чадавхи, чадвар
ü  Оюуны чадавхи, чадвар
ü  Амжиргааны чадавхи, чадвар

3.       Хэрэглээний талбар дахь боловсролжих зайлшгүй хэрэгцээнд тохирсон чанартай үйлчилгээ үзүүлэх чадамж
ü  Ардчиллын үнэт зүйлийг ухаарсан, улс төрийн тогтвортой байдлыг хадгалдаг, ардчилсан тогтолцоог хэлбэршүүлэхэд идэвхтэй оролцдог болсон байх
ü  Багшийн хөгжлийн явцад зайлшгүй гарч ирэх боломжуудын талаах чадавхиа сайжруулах, тэдгээрийг аль болох өөртөө ашигтайгаар зохицуулах
ü  Багшийн ёс зүйн хэм хэмжээг хүндлэн сахиж биелүүлэх, нэр төрийг эрхэмлэн сахих
ü  Хууль, дүрэм журмыг даган мөрдөх, хэрэгжүүлэх
Судлаач Н.Туул “Дээд боловсролын байгууллага дахь багшийн хөгжлийн орчны менежментийн асуудалд” сэдэвт судалгааны ажилдаа их, дээд сургуулиудын багш нарын мэдлэг, чадварын загварыг тодорхойлоод багш хөгжиж, мэргэжил боловсролоо дээшлүүлж байсан туршлагыг тоочин бичээд цаашид мэргэжил дээшлүүлэх асуудлыг сайжруулах боломж нөхцлийг эрэлхийлжээ.[3]
Тэрээр багшийн чадамжийг доорх байдлаар томьёолсон байна.
Чадамж
/конпетенция/
Үнэт зүйл
/ценность/
Хувь хүний шинж чанар
/лич.характер/
Хандлага
/отношение/
Чадвар
/способности/
Туршлага
/опыт/
Мэдлэг
/знание/
 
Мөн Багшийн чадамжыг:
*       Суурь
*       Мэргэжлийн
*       Нийгмийн хэмээн ангилсан байдаг.
2.1 Архангай аймгийн ЕБС-ийн багш нараас авсан түүвэр судалгаа
Судалгаанд Архангай аймгийн 17 сумын төлөөлөл болсон 57 багш оролцлоо. Нээлттэй 1, хаалттай 7 асуулт бүхий 8 асуулгаар орчин үеийн багш нарын судалгааны чадамжын  түвшинг тодорхойлохыг зорьсон.
     

     
 
          

2.2 Дүгнэлт
·         Асуулгын ба ажиглалтын аргыг оролцогчдын 59% нь нэрлэсэн нь уг аргыг багш нар сурагчдыг судалж оношлохдоо түгээмэл ашигладаг нь харагдаж байна.            Судалгааны бусад аргыг өргөн хэрэглэх тал дээр дутмаг байна.
·         БШУЯ-наас жил бүр ЕБС-ийн багш нарын дунд сурган хүмүүжүүлэх уншлагын уралдааныг 3 үе шаттайгаар зарладаг бөгөөд үүнд судалгаанд оролцогчдын 80.2% нь хамрагдсан байна.
·         Үйлийн судалгааг нийт оролцогчдын 45% нь хийгээгүй болон судалгаа хийх арга зүйг мэдэхгүй гэж хариулснаас харахад багш-судлаач байх гэсэн шинж чанар сайн төлөвшөөгүй нь мэдрэгдэж байна.
·         Өөрт хэрэгтэй байгаа мэдээллийг цуглуулж боловсруулан, сургалтын хэрэглэгдэхүүн бэлтгэх зэргээр бүтээлчээр ашиглахад ихэнх багш нар МХТ ашиглан интернэтийн орчинд ажилладаг нь орчин үеийн багшийн өдөр тутмын үйл ажиллагааны нэг бүрдэл хэсэг болсон байна. Мэргэжлийн ном, гарын авлагыг ашиглан сургалтад ашиглах нэмэлт материалыг бүрдүүлэх, багшид тулгарч буй онолын болоод арга зүйн шийдлүүдийг шийдэхэд тустай. Бусад ном зохиол унших, ахмад багш нараас асууж суралцах нь дутмаг байна.
·         Сүүлийн үед их дээд сургууль, ЕБС-д ч гэсэн судалгаат хичээлийг зохион байгуулж, мэргэжлийн багш нарын хөгжлийг хангах, арга зүйн эрэл хайгуул хийх зэргээр идэвхтэй ажиллаж байгаа билээ. Гэвч энэ байдал нь сургууль бүр дээр хангалтгүй байгаа нь оролцогчдын 56% нь хичээлийн судалгаанд оролцох сонирхолтой гэсэн хариултаас тодорхой харагдаж байна.                             
            Багш зөвхөн сургууль, сургалтын орчин нөхцөл зэрэгт баригдалгүй цаг үеэсээ хоцролгүй өөрийгөө  хөгжүүлж, олон талын мэдээллийг хүлээн авч дүн шинжилгээ хийн ажиллах  хэрэгтэй. Улс орны улс төр, нийгэм эдийн засгийн өөрчлөлт, соёл урлагын нийгэмд үзүүлж буй нөлөөллийг мэдэх зэрэг ерөнхий мэдлэг мэдээлэлтэй байхыг цаг үе ч шаардаж байна. Эдгээрийг хангахад цаг хугацаа хэрэгтэй боловч интернэтийн орчинд мэдээллийг хүлээн авч, өөрийн санал сэтгэгдлээ фэсбүүк, твиттер зэргээр чөлөөтэй илэрхийлэх, үзэл бодол нэгтэй хүмүүс групп үүсгэн санал бодлоо солилцох зэргээр ажиллах орчин нэгэнт бий болсон байгаа нь аль ч цаг үеэс хоцрохгүй, хөл нийлүүлэх алхах боломжыг бүрдүүлж өгсөн байна.

Ном зүй:
1.       Дэлгэржав.М, Багшийн мэргэжил дээшлүүлэх асуудалд, УБ.,2012
2.       Жадамбаа. Б, Батсуур. Ц, Пүрэв-Очир. Б, Пүрэвдорж. Д, Багш боловсролын ирээдүй, УБ.,2005
3.       Жадамбаа.Б, Чимэдлхам.Ц, Судалгааны арга зүй, УБ.,2011
4.       Иргэний боловсрол сургалтын стандарт
5.       Ичинхорлоо. Ш, Байгалмаа.Ч, Эрдэнэцэцэг.С, Багш боловсролын үндэс, УБ.,2011
6.       Мягмар.О, Багшийн загварын нэгэн хувилбар, УБ., 2002
7.       Нямжав.Д, Багш бэлтгэх тогтолцооны хөгжлийн зарим асуудал, УБ.,2003
8.       Түмэндэмбэрэл.Д, Оюун.Ц.Багшийн хөгжил, УБ.,2005
9.       Оюун. Ц, Багшийн хөгжлийн аргазүйн зарим асуудал, УБ.,2003
10.    Эрдэнэчулуун.Д, Нэгжид суурилсан судалгааны үр дүнгээс, УБ.,2003


[1] Жадамбаа.Б, Батсуур.Ц, Пүрэв-Очир.Б, Пүрэвдорж.Д. Багш боловсролын ирээдүй. УБ.,2005, тал-32
[2] Жадамбаа.Б, Батсуур.Ц, Пүрэв-Очир.Б, Пүрэвдорж.Д. Багш боловсролын ирээдүй. УБ.,2005, тал-33

[3] Дэлгэржав.М.Багшийн мэргэжил дээшлүүлэх асуудалд.УБ.,2012.тал-13

No comments:

Post a Comment